Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Энхболд ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон. Мэргэжлийн хяналтын байцаагч тухайн талбайд хэмжилт хийж 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс алга болсныг тогтоосон.

Уг асуудлыг шалгуулахаар гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандсан. 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй” хэмээн мэдээлж байсан билээ. 
АТГ-ынхан түүний гаргасан мэдээлэл, өргөдлийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан юм. Ингэхдээ мэргэжлийн шинжээчдийн хамт Тавантолгойн орд газарт ажиллаж, хэдэн жилийн өмнөх бичиг баримтуудыг ч шалгасан аж. Тодруулбал, Таван толгойн ордын 51 хувь нь төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой”, 49 нь орон нутгийн өмчит “Таван толгой” компанийн эзэмшилд байдаг. Уг хоёр уурхайг нэг мөргөцөг тусгаарлаж байсан бөгөөд орон нутгийн өмчит компани нь түүнийг ухаж нүүрсийг нь олборлосон нь ч тогтоогдсон байна. Хоёр компанийн эрх бүхий албан тушаалтнууд тохиролцож дундаа байсан мөргөцгийг буулгахдаа хамтарч ажилласан, үүний тулд хоёр тал гэрээ байгуулсан, тухайн мөргөцөг дэх нүүрс нь газрын гүндээ сайн чанарын коксжсон нь байсан. Дээд хэсэгтээ өнгөн хөрс, саажсан болон исэлдсэн нүүрс ихтэй. 200 орчим мянган тонн нь саажсан, исэлдсэн, сул коксжих буюу чанарын шаардлага хангаагүй нүүрс байгааг тухайн үед хоёр компанийн маркшейдерийн баг дүгнэн баталгаажуулсан нь ч тогтоогдсон аж. 
Эдгээрээс гадна орон нутгийн өмчит “Таван толгой”, “Эрдэнэс Таван толгой” ХК, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын тайлан тооцоог нягталж, тулгасан байна. Тиймээс 268 мянган тонн нүүрс алга болж, 20 орчим сая ам.доллар Монгол Улсад ороогүй гэх асуудлыг харьяаллын дагуу мөрдөн байцаах чиг үүрэгтэй бусад байгууллага болох тагнуул, цагдаагийнхнаар шалгуулахаар болж байгаа юм.