Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нээлтэн дээр үг хэлэх үедээ: "Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй.

АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа. 

Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна." хэмээн мэдэгдсэн билээ. Харин Авилгалтай Тэмцэх Газрын Дарга Х.Энхжаргал хариуд нь "За яахав дээ, хүмүүс ярьж л байг... Би мэдэхгүй ээ" хэмээсэн юм. 

Үүнээс хойш түүнийг чөлөөлөх хэд хэдэн хувилбарыг Ерөнхийлөгч туршиж, үзсэн ч аль аль нь гацсан билээ. Тэгвэл АТГ-ын дарга Х.Энхжаргал албан тушаалаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөх нь тодорхой болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна. Тэр бүү хэл түүний оронд тавих хүмүүсийн нэр ч тодорсон байна. Тэр дундаас Тагнуулын Ерөнхий Газрын дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын дарга, Монголын Ардчилсан Холбооны даргаар тус тус ажиллаж байсан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын ойрын хүн гэгддэг Б.Билэгт АТГ-ын дарга болох магадлал өндөр ажээ.

 

Хүрэлсүхийн Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.

Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 7 сарын 8-нд АТГ-ын даргаар томилогдсон юм.

П.Мандах

sonin.mn