УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юуны учир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн ахлагчаас татгалзав. Оюутолгойн гэрээ Монголд гэхээсээ илүүтэй харийнханд ээлтэй болсон гэдгийг өчигдрийн төрсөн нярай ч ойлгохоор байгаа.

Үнэндээ гэрээг цуцлахаасаа урьтаж засч залруулах шаардлага бийг нийтээрээ хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт ч гарсан. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар Оюутолгойг шалгах ажлын хэсгийг байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг томилсон юм.

Хачирхалтай нь ажлын хэсгийн босс хэдхэн сарын дараа ажлаа ийн өгөв. Шалтгаанаа “…ажлаар гадагшаа явах болсон учраас” хэмээн тайлбарласан. Ийнхүү түүний оронд ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байсан Д.Тэрбишдагва тушаал дэвшин ажиллах болов. Гэхдээ Д.Дамба-Очир долоо хоногийн чөлөө хүссэн хэрнээ 70 хоног өнгөрөөд байхад буцаж ирээгүй нь анхаарал татна. Шулуухан хэлэхэд, ажлаа хаяад зугтсан гэсэн үг.
“Рио Тинто”-гийн харцаар Монголын төр, тэр дундаа төрийн эрх баригчид хөдлөх болсон талаар УИХ-ын гишүүд ам уралдан ярихаас хэтрэхгүй байна. Магадгүй энэ нөхцөл байдал Д.Дамба-Очирт нөлөөлж, авлига авч амиа хамхисан уу, эсвэл ажиллахгүй хэмжээнд хүрэх дарамт шахалт, элдэв рекэтээс болж ажлаа өгсөн үү гэх асуулт хариулт хайсаар.

Ажлын хэсэг томилогдоод удалгүй Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн. Үндэслэл нь, Д.Дамба-Очир гишүүний дайжиж зугтсан Оюутолгойн гэрээ. Тиймээс захиалагч талын дургүйг хүргэвэл холбоот хоёр эрийн адил хувь тавилан угтана гэж айсных байж мэдэх юм.

Гэхдээ энэ бүхнээс илүүтэй ашиг сонирхлын зөрчил нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байх гэх олны хардлага үнэнд илүү ойр сонсогдож байна. Учир нь мань хүний үүсгэн байгуулж, өдгөө хувьцаа эзэмшдэг “Очир төв” ХХК нь Цагаан хад-Гашуун сухайт чиглэлийн 23 км авто замын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Д.Дамба-Очир Оюутолгойн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Мэдээж Оюутолгойн гүйцэтгэгчээр хийж байгаа анхны ажил нь биш. Нүүрс тээвэрлэлтийн гол шугам болсон эл замтай эрх баригчид өнгөрсөн хугацаанд ойр ойрхон танилцаж байсан нь санаандгүй тохиолдол ч бас биш бололтой юм.

2013 онд таван яамны ажлын хэсэг Оюутолгойд шалгалт хийж, 2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлэхэд мань хүний нэр ч дунд нь цохиж явсан. Тухайн үед ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсийн яриагаар 3.5 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн гэх яриа ч бий. Ямартаа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Одоо Монголын хууль хүчний байгууллагууд нэлээн зоримог шуурхай ажиллах цаг болсон. Рио Тинтотой хэрэлдэж хэлцэхээс илүүтэй тэдэнтэй гэрээ хийсэн хүмүүсийн буруутай үйлдлийг илрүүлэх, Монгол Улсад хохиролтой тэдгээр гэрээг яаралтай эргэж харах шаардлагатай” гэсэн юм. Оюутолгойтой гэрээ байгуулж, улсаа хохиролд учруулсан нэр бүхий хүмүүсийн дунд эрхэм гишүүн Д.Дамба-Очирын нэр тодоос тод дагалддаг. Тодруулбал, Д.Дамба-Очирын компани, мөн Л.Болдын үүсгэн байгуулсан компани хоёр дахин өндөр өртгөөр 80 км цахилгааны шугамыг барьж, улсад хохирол учруулсан талаар өнөөх шалгалтын хэсгийн дүгнэлтэд бий. Ийнхүү гэрээ хийж, улсаа хохиролд учруулсан эрхмүүдтэй хариуцлага тооцох гэхээр УИХ-ын гишүүд нь хүзүү сээрээрээ холбогдож, төмөр гав зүүхээр болоод байсан тул хоёр намын хооронд хийж, эцэст нь 2 тэрбум ам.долларын зөрчлийг нүдээ аниад өнгөрөөхөөр тохиролцсон хэрэг.

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин