Засгийн газар ЗТХ-ийн сайд Ж. Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь асуудал дагуулж магадгүй байгаа. Гэсэн ч дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгээ аль хэдийнэ ярьж эхэлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 8-ны өдөр У.Хүрэлсүх, М.Энхболд, Сү.Батболд, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, бас зарим нэг томоохон албан тушаалтан Булганы Хишиг-Өндөр суманд очиж тохироо хийсэн байдаг.

Энэ үеэр ярьсан зүйлүүдийн нэг нь ЗТХ-ийн дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгийг ярилцсан байна.

Ийн Булган руу явахын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр нэгэн гишүүний нэрийг бариад Ерөнхийлөгч Х.Баттулга руу орсон байна. Хуулиараа Ерөнхий сайд танхимынхаа сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөд танилцуулан санал авах ёстой юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг ЗТХЯ-нд онцгой анхаарал гэдгийг  улс төрийн хүрээнд ярьдаг. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн дэмжлэг шинэ сайдыг тодруулахад бас л онцгой үүрэгтэй гэсэн үг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлсэн эрхэм нь УИХ-д гурван ч удаа сонгогдсон, Байнгын хорооны дарга, сайдаар ажиллаж үзсэн, насны хувьд УИХ-даа залуу гишүүдийн тоонд орчихдог гишүүн юм.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшигчийг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд буцаажээ.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс ЗТХ-ийн дараагийн сайдад улстөрч биш, нэр алдар нь төдийлэн мандаж яваагүй нэгэн эрхмийг Ерөнхий сайдад санал болгосон байна.

Ингээд “хана мөргөсөн” Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулах, бас цаг үеийн бусад чухал асуудлаар байр сууриа нэгтгэхээр намынхнаа дагуулан Булганыг зорьсон нь тэр аж. Гэсэн хэдий ч Булганд очоод сайдын асуудлыг эцэслэж чадаагүй байна.

Уг нь ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа. Я.Содбаатар нар зүтгэсэн ч Д.Хаянхярвааг 33-ын бүлэг, Я.Содбаатарыг 32-ын бүлгийнхэн эсэргүүцсэн байна.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх дундын хувилбар болгон нэгэн гишүүнийг нэр дэвшигчээр тодруулсан байгаа юм.

Дашрамд хэлэхэд, сүүлийн үед сүрхий нөхөрлөх болсон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд хоёрыг ойртуулсан зуучлагч нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажээ. Тэдний экс Ерөнхийлөгчөөр зуучлуулан хийж буй томоохон ууозалтын хоёр дахь нь энэхүү Булганд очиж хийсэн уулзалт юм байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин