Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан.

Үүнээс болж Засгийн газраас яамны удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн. Одоогоор Зам тээврийн хөгжлийн сайдын суудал намрын чуулганыг хүлээж байгаа бол дэд сайдаар Л.Халтарыг, ТНБД-аар Р.Мэргэнийг томилоод буй.

Мөн газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг сарын өмнө Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яаманд хэд хэдэн томилгоо хийсний дотор  хүний амины хэрэгт сэжиглэгдээд буй Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд түр орлон гүйцэтгэгчээр М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Ж.Гантөмөр өмнө нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт ажиллаж байжээ. Түүнчлэн  Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Эх сурвалж: www.polit.mn