Иргэний нисэхийн ерөнхий газдрын хурган дарга нь хүн зодож гэмтээсэн хэрэг мартагдаагүй байхад тус газартай холбоотой сэжиг бүхий үйдлүүд олны анхаарлыг татаж байна.  Бид энэ удаад тус газрын  зардлаар гадаад улсад суралцаж байгаа үйлдэлтэй холбоотой  сэжигтэй үйлдлүүдийг онцолж байна.  

ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд 2016.10.01-ний өдрийн байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Үүнээс мэргэжлийн сургалтад 25, баклаврын сургалтад 56, магистрийн сургалтад 20, докторантурт 6 хүн суралцаж байна. Харин гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгсөж ирснээс 39 нь ажилд ороогүй гадаад улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь хүний нөөцийн бүртгэлд орсон буюу ажилд орж чадаагүй байна.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын 9 хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна. 2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй байна. Дээрх оюутнуудаас Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн, Ч.Батсайхан нарын 6 хүн тус газарт ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна. Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна.

Энэ бол тус газарт өрнөж байгаа сэжиг бүхий олон үйлдлүүдийн нэг нь. Үүний цаана цөөнгүй  сэжиг бүхий үйлдлүүд байгаа талаар бид эргэж мэдээлэх болно.