Улсын дээд шүүхээс өчигдөр буюу энэ сарын 24-нд МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэсэн. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв.

Тэрбээр, “Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу МАХН-ын Их хурлыг хуралдуулж, даргаа дахин сонгохоос өөр гарцгүй болсон. Учир нь УДШ-ээс МАХН-ын дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан. Энэ нь одоогийн намын даргын томилгоотой холбоотой заалт байсан юм. Тиймээс МАХН-ын Бага хурлын гишүүд 21 аймагт ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, Их хурлаа зохион байгуулах талаар ярилцах болно. Гэхдээ миний бие Дээд шүүхийн энэхүү шийдвэрт төдийлөн итгэхгүй байна. Учир нь Өдрийн сонины 2018 оны 3 дугаар сарын 10-ны дугаарт анхан шатны шүүх 50 мянга, Нийслэлийн шүүх 100 мянга, Дээд шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ярилцлага нийтлэгдсэн байгаа. Энэ мэдээллээс болоод шүүхийн байгууллагад итгэх аргагүй болоод байна. Хэрэв уг мэдээлэл худлаа бол Х.Нямбаатар гишүүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй. Харин үнэн бол шүүгч нарт хариуцлага тооцох нь зөв. Гэтэл өнөөдөр АТГ, УЕП ямар ч шалгалт хийгээгүй байна. Тиймээс шүүх засаглалын авлигалын асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийн төлөө явна. МАХН-ын дүрэмд хариуцлага алдсан албан тушаалтныг намаасаа хөөх заалт орсон тухай мэдээлэл бий. Хэрэв намын дүрэмд энэ заалт орсон бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хөөх хэрэгтэй. Төрөөс мөнгө хумсалсан хүмүүсийг дахин албан тушаалд томилох асуудлыг МАХН дэмжих ёсгүй” гэлээ.

Мөн тэрбээр ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг болон Төрийн ордонд нэр бүхий хүмүүс архидан согтуурсны улмаас хамгаалалтын албаны ажилтнууд ажлаасаа халагдахаас эхлээд хохирч байгааг дурьдаад, “ Хууль зөрчсөн хүмүүст өөрсдөд нь хариуцлага тооцох хэрэгтэй болохоос ажлаа хийж суусан төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх ёсгүй” хэмээв.