БНСУ-д гурван сараар виз мэдүүлэгчдийг луйвардаж, хуурамч материал бүрдүүлж залилан хийдэг хувь хүн болон байгууллагууд цөөнгүй байна.

Тухайлбал, зүүн дөрвөн зам буюу 13 дугаар хорооллын автобусны буудлын урд “Оч” төвийн хоёр давхарт байрлах “Олон улсын аялал зуучлалын гүүр” ТББ нь иргэдэд таван сая төгрөгийн барьцаа байршуулж өгнө хэмээн залилдаг байж. Ингэхдээ иргэдээс таван сая төгрөгийн хүү болох 650 мянган төгрөгийг урьдчилан авч дараа нь Хаан банкны “Жоби 72” төвд байрлах салбарт хадгаламж нээлгэдэг байна. Улмаар хадгаламжийн дэвтрийг нь авч үлдээд дараа нь таван сая төгрөгийн хуурамч дэвтрийг өгдөг байжээ.

Энэхүү дэвтэр нь ялгахын аргагүй бөгөөд хаан банкны тамга тэмдэг ч байдаг тул иргэд хуурамч гэдгийг нь мэддэггүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх төрийн бус байгууллагад эргэлзсэн ч дэвтэр нээж өгч буй банкинд итгэдэг байх нь. Улмаар хуурамч дэвтрүүдээ БНСУ-ын Элчин сайдын яаманд өгснөөр залилангийн хэргүүд илэрчээ. Иргэд олноороо залилуулж буйг мэдсэн элчин сайдын яамнаас цагдаагийн байгууллагад хандсанаар дээрх ТББ-ын үргэлжилсэн луйвар ил болж байна.

Одоогоор ийм төрлийн хуурамч материал бүрдүүлсэн гэх 1500 орчим хүнд БНСУ-ын Элчин сайдын яамнаас татгалсан хариу өгсөн бөгөөд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа аж. Холбогдох байгууллагын мэдээлснээр хуурамч материал бүрдүүлэн бусдад залилуулсан 1500 иргэний дийлэнх нь дээрх  “Олон улсын аялал зуучлалын гүүр” ТББ-ын хохирогчид гэнэ. Ийнхүү БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан, мөн дээр нь 650 мянган төгрөгөө тушаан залилуулсан олон иргэн хэнээс хохирлоо гаргуулж авахаа мэдэхгүй цагдаагийн байгууллагын үүдийг сахиж сууна. Тэд хэлэхдээ, Хаан банкны Жоби 72 төвд байрлах салбарыг хардаж байгаа гэнэ. Учир нь “Олон улсын аялал зуучлалын гүүр” ТББ нь заавал тус салбарт хадгаламжийн дэвтэр нээлгэх ёстой гэдэг байна.

Мөн зарим иргэн шинээр нээлгэж буй дансаа хянах зорилгоор дансны орлого зарлагаа мессежээр хүлээн авах хүсэлтийг банкинд өгсөн байж.  Гэвч тус банк тухайн хадгаламж нээлгэсэн өдрийнх нь мэдээллийг бус мөнөөх иргэний өөр нэг дансны мэдээллийг нь бүртгүүлсэн утсаар нь өгч байсан гэнэ. Тиймээс иргэд ХААН банкинд ч мөн гомдолтой байгаа гэдгээ хэлж байна. Учир нь тухайн үед дансны мэдээлэл нь үнэн зөвөөр ирсэн бол иргэд дансанд нь таван сая төгрөг ороогүй гэдгийг тэр даруйд мэдэх боломжтой байсан гэдгийг хатуу хэлж байгаа юм.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин