МҮБХ-ны тэргүүлэгчид 2018 оны есдүгээр сарын 25-нд хуралдсан ээлжит хурлаараа допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хариуцлага тооцох, допингоос сэргийлэх, допингтой холбоотой бусад зөрчлүүдийг хэрхэн арилгах талаар дахин хэлэлцэж “Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталлаа. Нэмэлт өөрчлөлтөөр:

Допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шийтгэл оноосон байхад барилдсан тохиолдолд уг бөхийн шийтгэлийг хугацааг хамгийн сүүлд барилдсан хугацаанаас эхлэн дахин тооцно. 
Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийг барилдуулсан аймаг, сумын наадмыг хүчингүйд тооцож, тухайн наадамд цол авсан бөхчүүдийг эрэмбэнд оруулахгүй.
Шинжилгээ өгөхөөс татгалзсан тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу допинг хэрэглэсэнд тооцож, улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг мөн 2 жилээр хасна.

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. а) Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн 2018 оны амжилтын эрэмбийг хуучин эрэмбэлж ирсэн журмаараа эрэмбэлэх бөгөөд 2019 оны наадмаас хойш аймгийн цолтой бөхчүүдийн улсын наадамд 3, 4 давсан амжилтыг тооцохгүй байхаар шийдвэрлэлээ. 2018 оноос өмнө цол авсан бөхчүүд хуучин эрэмбээрээ эрэмбэлэгдэн барилдана.
б/ Эрэмбэ зөрчиж оноолт хийсэн Завхан, Дархан-Уул, Хөвсгөл, допинг хэрэглэж эрх нь түдгэлзсэн бөхчүүдийг барилдуулсан Налайх, Говь-Алтай, Говь-Сүмбэр, аймгийн баяр наадмын албан ёсны мэдээллээ МҮБХ-нд ирүүлээгүй Баянхонгор, Хэнтий аймгуудын 2018 оны наадмаар шөвгөрсөн бөхчүүдийг АЦЦБөхчүүдийн эрэмбэнд оруулахгүй, өөрөөр хэлбэл хуучин цол эрэмбээр нь барилдуулна.

2. БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, МҮОХ-ны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд авсан явцын шинжилгээнд 2018 оны нэгдүгээр сарын 28-ний өдөр хамрагдсан а.а Т.Пүрэвсүрэн, 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хамрагдсан а.х.а Д.Цэвэлсодном нараас хориотой бодис илэрсэн тул Биеийн тамир спортын тухай Монгол улсын хуулийн 21.1, “Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн Т.Пүрэвсүрэнгийн улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2018 оны 06-р сарын 04-нөөс 2020 оны 06-р сарын 04 хүртэл, Д.Цэвэлсодномын улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2018 оны зургаадугаар сарын 28-наас 2020 оны зургаадугаар сарын 28 хүртэл тус тус 2 жилээр хасах шийдвэр гаргалаа.

3. Нэр бүхий бөхчүүдээс ирсэн Говь-Алтай аймгийн 2014 оны баяр наадам, Багануур дүүргийн 2015 оны баяр наадмыг хүчинтэйд тооцуулах хүсэлтийг хэлэлцээд дээрх аймаг, дүүргийн 2014, 2015 оны наадмууд Баяр наадмын тухай болон бусад хэд хэдэн хуулиудтай зөрчилдөж байгаа учир тухайн наадамд барилдаж шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг дээшлүүлэх боломжгүй гэж шийдвэрлэлээ.

4. Дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдийн төлөөлөл “Бөхийн барилдааныг тасалдуулахгүй байх, барилдааны хуваарь, сахилга бат, жудгийн талаар” тодорхой санал дэвшүүлснийг хэлэлцээд Тэргүүлэгчид аймаг цэргийн цолтой бөхчүүдтэй 2018 оны аравдугаар сарын эхний 10 хоногт уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсохоор товлолоо.