ШШҮХ-ийн шинжээчдийг цагдан хорьж байгаа талаар бид анхлан мэдээлсэн билээ. Тэгвэл шинжээчдийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад буюу өнгөрсөн долоо хоногт  ШШҮХ-ийн  удирдлага тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хүний гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог. Гэтэл ШШҮХ-ийн шинжээчдийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад буюу мөрдөн байцаалтын явцад  энэ хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа нэр бүхий шинжээчдийг үүрэгт ажлаас нь “халсан” байна.  Тодруулбал,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ зэрэг хүмүүсийг бусдаас хахууль авч, хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэж АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж буй билээ. Хууль сахиулах байгууллагынхантай холбоотой энэ хэргийг нэлээд өргөн хүрээнд шалгаж буй бөгөөд мөрдөх ажлын явцад 1.3 сая ам.долларыг хэргийн бусад холбогдогч энгийн хоёр иргэний түрээсэлсэн байрнаас хураасан нь олны анхаарал татаад байгаа. Тэгвэл энэ хэрэгт холбогдон шалгуулж буй шинжээчдээ ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр ШШҮХ-гийн удирдлага гаргажээ. Тус хүрээлэнгийн албаны эх сурвалж “Ашигт малтмалын лицензтэй холбоотой хэрэгт шалгуулж буй нэр бүхий шинжээчдийг есдүгээр сарын 5-наас эхлэн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ажил, албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр шинжилгээний байгууллагын дарга гаргасан. Мөн тухайн шинжээч нарыг ажил мэргэжлийн удирдлагаар хангадаг шат шатны дарга нарт хариуцлага тооцож байгаа” гэлээ. Шинжээчдийг ажлаас нь халах шийдвэрйг өнгөрсөн долоо хоногт гаргасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

ШШҮХ болон цагдаа нар  лицензийн маргаантай БНХАУ-ын иргэдийн маргаан бүхий хэрэгт хахууль авсан,  хуурамч дүгнэлт гаргасан хэрэгт холбогдсон бөгөөд энэ хэргийн оролцогчийн гэрээс  1.3 сая ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөгийг хураан аваад байсан юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.