“Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргал найз бүсгүйгээ зодсон хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн билээ.  Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр И-Март сүлжээ дэлгүүрийн орчимд өөрийн найз эмэгтэй болох иргэн М-г автомашин дотор зэрлэгээр зоджээ. Мөн 25-ны өдөр хохирогч эмэгтэйг гэртээ байхад нь дахин зодож гэмтээсэн байна.

Хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар, Ц.Батжаргал нь хохирогчтой үерхээд гурван сар болж байгаа ба энэ хугацаанд түүний гэрт хамтран амьдардаг байжээ. Хамтран амьдрах хугацаандаа удаа дараа биед нь халддаг байсан гэх ба их хэмжээний мөнгө авч мөрийтэй тоглосон гэх мэдээллийг өгч байв.

Найз бүсгүйгээ зодсон Батухд  Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.  Харин хохирогч бүсгүй Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд  хандаж гэмтлийн зэргээ тогтоолгосон.  ШШҮХ-ээс хохирогч бүсгүй М-д  ХӨНГӨН зэргийн гэмтэл тогтоогдсон хэмээн дүгнэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэргийн газарт “Мөнхийн реп” хамтлагийн хоёр гишүүн хамт байсан гэх ба хохирогчийг зодуулж байхад ямар нэг тусламж үзүүлээгүй аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.