УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 27 минутад эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Ерөнхий сайдын саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын боловсон хүчний бодлогод анхаарч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран одоогоор эхлүүлээд байгаа хэд хэдэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь  УИХ-ын гишүүн Ч.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө.