Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэрийг дэвшүүлж буйгаа танилцуулсан.

Эдийн засгийн байнгын хороо Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцээд Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдын саналыг дэмжсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан юм.

Дараа нь гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд Дархан-Уул, Налайх чиглэлийн замыг цаг алдалгүй засах, нисэх онгоцны тийзийн үнийг хямдруулах асуудалд анхаарал хандуулах, түгжрэлийн асуудлыг цаг алдалгүй шийдэх, шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах ажлын талаар тодруулсан.

Сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Содбаатар онгоцны тийзийн үнийг хямдруулах талаар яамнаас тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа гээд үүний тулд агаарын тээвэрлэгчдийн зардлыг багасгах хэрэгтэйг дурдсан. Агаарын тээврийн салбарт либеральчлал хийх асуудлыг тусгасан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, тийзийн үнийг бууруулахын төлөө ажиллана гэлээ.

Хотын түгжрэлийг шийдэх хамгийн зөв шийдэл бол нийтийн тээврийг хөгжүүлэх гэж нэр дэвшигч хэллээ. Нийтийн тээврийн парк, авто замын шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийхээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг байгуулж, замын хөдөлгөөний соёлыг сайжруулах ажлууд хийгдэнэ гэсэн мэдээлэл өгсөн.

Нисэх онгоцны шинэ буудлыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэлээ. Мөн Налайх, Дарханы чиглэлийн замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээс гадна нийслэлийн 700 км замыг шинэчлэх, давхар зам, гүүр барих ажлыг бүх боломжоор дэмжинэ гэж хэлсэн.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Я.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжин томиллоо