БНН-ын дарга Б.Жаргалсайхан ирэх сонгуульд дахин хүч үзэхээр шийдсэн бөгөөд хэрэв нам нь ялалт байгуулж чадах юм бол цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэх тухайгаа хэлжээ.

Энэ талаар “Манай нам сонгуулиар ялах юм бол цалинг мянган долларт бол хүргэнэ, тэгж бодож байгаа. Халамжийг бол ер нь больё гэж бодож байгаа. Тэтгэврийн санг бол улсын нэгдсэн төсвөөс салгах ёстой. Тэтгэвэр авагч нар доод тал нь сая таван зуугаас хоёр сая төгрөг болгох хэрэгтэй байна. Энэ ажлуудыг хийх төлөвлөгөө хөгжлийн хөтөлбөр бид боловсруулчхаад байна.

Би одоогоос арван жилийн өмнө цалинг 300 доллар болгох хэрэгтэй гэхэд чи Жагаа худлаа яриад байна, цалин нэмж яагаад ч болохгүй гээд байсан. Засгийн газарт гишүүн болж ороод хамгийн эхэнд цалин л нэмсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр үхчхээгүй байна шүү дээ. Цалинг нэмэхийн тулд наана нь тэр цалинг нэмэхийн тулд бэлтгэл ажлууд их чухал. Эдийн засгийг яаж өргөжүүлж тэлэх вэ гэдэг ажлуудыг дэс дараатай хийнэ” хэмээжээ.

Ард иргэдтэй тун ч ойр харилцах болсон тэрбээр үйлдвэрлэгч үндэстэн болохыг уриалж буй бөгөөд гадагш урсаж буй мөнгөний урсгалыг дотооддоо барих бодлогыг хэрэгжүүлж хүн бүрийг ажилтай болгох тал дээр тун ч анхаарч ажиллах тухайгаа мөн дурдсан байна.