Америк долларын төгрөгтэй харьцах ханш 2570 төгрөгт хүрээд буй нь  Монгол Улсын түүхэн дэхь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Үүнээс үүдэн хэрэглээний үнийн сагсан дахь бүтээгдэхүүний үнэ шууд байдлаар өсөх нөхцөл бүрдээд буй нь тодорхой. Монголбанкны удирдлагууд: "Ханшны өсөлт нь улирлын шинжтэй" хэмээн тайлбарлаж буй ч энэ нь бодит байдал дээр худал тайлбар болох нь америк долларын төгрөгтэй харьцах ханш өдөр тутам нэмэгдэж буйгаар батлагдаж буй. Мөн АИ 92 штахууны үнэ 65 төгрөгөөр нэмэгдсэн нь бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх бас нэгэн шалтгаан болоод байна.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс шатахууны үнийн нэмэгдлийн асуудлаар  мэдээлэл сонсох хүсэлт тавьсан ч Сангийн яам, Монголбанкны удирдлагууд мэдээлэл бэлтгэж амжихгүй гэжээ.

Иймээс ч АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ : ""Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Эсрэгээрээ иргэдийн орлого өсдөггүй. Ийм нөхцөл байдалд ард иргэдийн амьжиргааны асуудлууд хөндөгдөнө. Энэ нөхцөлд бид зүгээр суухгүй. Бид холбогдох хүмүүстэй хамтарч ажиллана. Дараагийн улс төрийн үйлдлийг хийнэ. Сөрөг хүчний хувьд тэмцлийн хэлбэрийг сонгож ажиллана” хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Ардчилсан Нам УИХ-д 9 суудалтай буюу өөрөөр хэлбэл Засгийн газрыг огцруулах саналыг албан ёсоор тавих боломжгүй.

Энэ бүхэнтэй зэрэгцэн, Засгийн газрыг огцруулахаас арай өөр хувилбар буюу мөнгөний алдаатай бодлого явуулж, төгрөгийн ханшийг түүхэнд байгаагүй түвшинд хүртэл унагасан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргахаар ярилцаж эхэлсэн байна. Н.Баяртсайхан нь банкны мэргэшсэн хүн биш бөгөөд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа ажиллаж байсан нэгэн юм.

П.Энхмандах

sonin.mn