АСЕМ Монголд өгөөжөө өгсөн үү. Хэсэг нөхөд хөлжиж, хөрөнгөжихөд гавьяа болсон байж мэдэх юм. Тэр дундаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнхан хошуугаа тосдож, торгонд хөлбөрөхөд онцгойлон тус болсон гэвэл хэтийдэхгүй мэт.

АСЕМ-д 20.8 тэрбум төгрөгийг зарцуулснаас 14.8 тэрбумын зөрчил илэрсэнийг аудитын газраас мэдээлж байв. Ёстой л Монголын модоо барьтал нь цөлмөж орхисныг аудитынхны дүгнэлтээс харж болно.

Бүхий л зөрчил, дутагдал, идсэн уусан шамшигдуулсан асуудалд хамгийн их хамааралтай хүн бол Д.Ганхуяг. АСЕМ-тай холбоотой бүхий л худалдан авалт, ашиглалтад мань хүний нэр дурьдагдаастай.

Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоол болон Гадаад харилцааны сайдын 2015 оны наймдугаар сарын 31-ний А/75 дугаар тушаалаар “АСЕМ”-ын БАА байгуулагдсан. Энэхүү ажлын алба АСЕМ-ын уулзалт болон түүний дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулах бэлтгэл ажлуудыг хангах, Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүдийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх, ажлын хэсгүүдийн уялдаа холбоог зохицуулах ажлыг хариуцсан байна. Энэхүү албыг 2015 оны есдүгээр сарын 1-ээс 2016 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллаж, цалин, нийгмийн даатгалд нийт 645.2 сая төгрөг зарцуулсан байна.

Тухайн үед Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан мань хүнийг Эбэ АСЕМ руу татаж оруулах эхлэл тавигдсан нь энэ. Улмаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Ганхуягийг БАА-ны ахлагчаар томилж, шулуухан хэлэхэд бүхий л эрх мэдлийг түүнд “атгуулав”. Мань хүн санхүүгийн бүхий л ажиллагаагаа явуулахын тулд н.Амарсанааг дэргэдээ авчирсан байдаг. Энэ хоёр хүний гараар дамжаагүй АСЕМ-ийн мөнгө, эд материал гэж бараг л байхгүй.

Ганцхан жишээ татахад, “АСЕМ”-ыг зохион байгуулах ҮЗ-ийн 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 14 дүгээр хуралдаанаар Итали Улсын “Триумф групп”-тэй “Үйлчилгээ үзүүлэх” гэрээг яаралтай байгуулахыг “АСЕМ”-ын БАА-ны дарга Д.Ганхуягт үүрэг болгосны дагуу тус компанид үйлчилгээний төлбөрт нийт 132.8 мянган евро төлөхөөр мөн оны хоёрдугаар сарын19-нд гэрээ хийгдсэн байна. Дээрх гэрээний 3.2-т тусгасны дагуу “Триумф групп”-ын төлөөлөгчдийн нэмэлт зардал болох арга хэмжээний газарт очих, баг илгээх, 2016 оны 4 болон 6 дугаар сард зохион байгуулах арга хэмжээний зөвлөхийн зардал, тоног төхөөрөмж илгээх зардал, бүх ажилтны байр хоолны мөнгө, итгэмжлэлийн серверт ажиллах операторын зардал гэх мэт зардлуудыг ГХЯ-ны ТНБД, “АСЕМ”-ын БАА-ны албаны дарга Д.Ганхуягийн 2016 оны А/73, А/146, А/171 дүгээр тушаалаар нийт 54.8 сая төгрөг баталсан. Дээрх нэмэлт зардлыг гэрээний дүнд тусгаж нэмэлт гэрээ байгуулаагүй. “Триумф групп” 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 20.4 мянган еврог нэхэмжилсний дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд 53.64 сая төгрөгийг гэрээг дүгнэсний дараа төлөхөөр Итали Улсад суугаа ЭСЯ-ны дансанд шилжүүлж, өглөгөөр бүртгэж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 2 талаас гэрээг дүгнээгүй. Гэрээний дагуу “Триумф групп”-д нийт 163.4 мянган евро буюу 378.0 сая төгрөгийг шилжүүлэхээс 143.0 евро буюу 324.4 сая төгрөгийг СЯ-ны гадаад гуйвуулгын гүйлгээгээр дамжуулан еврогоор шилжүүлсэн байна.

Ц.Элбэгдорж, А.Баттөр, Л.Пүрэвсүрэн, Д.Ганхуяг нарын АСЕМ-аар дамжуулж хичнээн төгрөг халаасласныг таамаглахад бэрх. Монголд боломж биш хэдхэн хүнд халаасаа түнтийлгэх сиймхий олгосон АСЕМ. Хэргийн эзэд хэдийнэ хилийн дээс алхаж, албан тушаал хашсан шигээ явна. Д.Ганхуяг л гэхэд өдгөө Хятад улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна. Өнөөх Амарсанаагаа ч татахаа мартаагүй, хэдийнэ дэргэдээ авчээ.

 Л.ПҮРЭВСҮРЭН, А.БАТТӨР НАР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛААД БАЙНА

“АСЕМ бол том боломж” хэмээн Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн хэлж байв. Үнэхээр ч хэсэг нөхдийн хувьд төсөөлшгүй боломж, хэмжээлшгүй хөрөнгө байсныг аудитын дүгнэлтээс харж болно. Наанадаж мань хүн томилолтын зардлаас овоо хэдэн цаас халааслаж дөнгөсөн юм хойно. Тухайлбал, АСЕМ”-ын БАА-ны 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт 1.957.5 сая төгрөг зарцуулснаас 507.3 сая төгрөгийг “АСЕМ”-ын бэлтгэл ажилд хамааралгүй арга хэмжээнд зарцуулсан байдаг. Ингэхдээ үүнээс Гадаад харилцааны сайд, ажилтнууд “АСЕМ”-ын үйл ажиллагаатай холбогдолгүй гадаад томилолтын зардалд 263.9 сая төгрөгийн зарцуулсан нь аудитын шалгалтаар илэрсэн. Тухайлбал, Гадаад харилцааны асан Л.Пүрэвсүрэн, сайдын туслах Г.Учралт нар нь 2015 оны есдүгээр сарын 9-өөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцохоор явахдаа сайдын зочид буудлын зардлыг хоногт 5.000.0 ам.доллар, туслахынхыг хоногт 200-400 ам.доллараар тооцон зардал гаргажээ. Гүйцэтгэлээр сайдын зочид буудалд хоногт 1.500.0 ам.доллараар тооцон сайдад 12.8 мянган ам.доллар буюу 25.6 сая төгрөгөөр илүү олгосон, туслахын зочид буудлын зардлыг 1 хоногт 240 ам.доллар, харилцаа холбооны зардалд 200 ам.доллар, нийт 600 ам.доллар буюу 1.2 сая төгрөгөөр илүү олгосон байна. Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин нарын 2016 оны хоёрдугаар сарын 10-15-нд ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцсон томилолтын зочид буудлын зардлыг Л.Пүрэвсүрэн 4.0 сая, Г.Амартүвшин 2.3 сая төгрөгөөр хэтрүүлэн олгосон байдаг.

Уг нь мань хүн АСЕМ-ийн дээд түвшиний уулзалт хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулалт баримт бичгийн асуудлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч юм. Тиймдээ ч гадны олон ч уулзалтад оролцож, галуу шувууны махыг бялууртлаа идсэн гэхэд хилсдэхгүй биз. Л.Пүрэвсүрэн гадаад орчинд тийм ч эерэг төрхтэй нэгэн биш. Ямартаа л түүнийг Гадаад хэргийн сайдаар томилохоор оруулж ирэхэр гишүүн Д.Хаянхярваа “Л.Пүрэвсүрэнг Европын холбооноос “Тааламжтай бус этгээд” гэж зарлаж байсан. Тэгэхээр одоо салбарын сайдын үүргээр Европын холбоотой харьцахаар бол сайн судлаж, бэлдэж байж очих хэрэгтэй” хэмээн чуулганы танхимд анхааруулж билээ.

Тэр ч бүү хэл, 2005 онд Л.Пүрэвсүрэн Берлин хот дахь ЭСЯ-ны зөвлөхөөр томилогдох болоход Монголд суугаа Германы Элчин сайдын яам нотоор татгалзсан хариу өгч байв. Зүй нь Л.Пүрэвсүрэн өмнө нь Берлинд ажиллаж байхдаа хоёр ч удаа согтуугаар машин жолоодож, осол гаргасан. Мөн Монгол Улсын иргэн С.Болдбаатарыг урьж авчирсан ч буцаж Германы хилээр гараагүй зэргийг дурьдсан байдаг. Хамгийн ичгэвтэр нь С.Болдбаатарыг албадан гаргасны дараа зардлыг нь уригч Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэхэд “Би танихгүй, миний хуурамч гарын үсэгтэй урилга байна” хэмээн мэдүүлсэн аж. Гэтэл С.Болдбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 мянган ам.доллар шилжүүлсэн баримт ирснийг Германы Элчин сайдын яам хавсаргасан байх нь тэр. Ийнхүү хаа явсан газраа балагтай байдаг тэрбээр АСЕМ-ийг самарч, хэдэн төгрөг халааслаж аваад өдгөө Швейцарт тарвалзаж сууна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн баруун гар гэгддэг түүнийг Швейцарын Холбооны улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар өнгөрөгч оны аравдугаар сард томилсон. Гэвч энэ оны зургадугаар сард итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанаар албан ажилдаа орсон юм. Түүнтэй хамт АСЕМ-аас мөнгө шамшигдуулж, олон улсын буцалтгүй тусламжаар орж ирсэн дуу авианы хэрэгсэл, зочид буудлын тавилгыг үнэгүйдүүлж, үгүй хийсэн гэгдээд байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр ч Франц улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болж, гуяа алгадаад алга болсон. Эбэгийн багын найз А.Баттөр, баруун гар Л.Пүрэвсүрэн нарыг шалгая гэвэл заавал шат дамжлага дамжих шаардлага үүссэн гэдгийг хуулийн байгууллагынхан хэлдэг.

П.ЦАГААНЫ ДАРААГИЙН “ТӨСӨЛ”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар зарлигаар Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүрэгтэй Үндэсний зөвлөл байгуулж, Ерөнхий сайдын 2015 оны 17 дугаар захирамжаар Үндэсний зөвлөлийг зургаан ажлын хэсгээр байгуулж, 2015 оны 128 , 2016 оны 13 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байдаг. Тэдгээр ажлын ахлагчийн нэг нь Л.Пүрэвсүрэн. Дараагийнх нь  П.Цагаан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэрбээр АСЕМ-ийн үеэр байр сууц, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон юм.

Хуучин япон сэлбэгийн худалдаа эрхэлдэг компаниас 3.5 сая төгрөгийн хүнсний ногоо авч, “Монгол материал экспо” гэсэн тамгатай зарлагын баримт дээр 12.1 сая төгрөгийн цэвэрлэгээний материал худалдан авсан гэхээр цаана нь ямар ажиллагаа өрнөснийг төвөггүйхэн мэдчихэж болохоор. Мөн гэрээ контракт гэхээсээ илүүтэй аман байдлаар ажлаа явуулж байсныг нь аудитынхан илчилж орхив.

Нэг үе Оюутолгойн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнд багтаж, тоолж баршгүй их цалин хангамжийг Эбэ-гийн буянд эдэлсэн П.Цагаан тун ч зайтай нэгэн. Ямартаа л Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж, “Ачит Ихт” компанийг Эрдэнэт байгуулсан байх билээ. Эл компани гидрометаллургын аргаар зэс гарган авдаг “Эрдэнэт” үйлдвэрийн гурав дахь охин компаниар нэрлэгдсэн нь түүний хэмжээлшгүй буян заяа гэлцдэг юм.

Өдгөө Байт харвааны холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон тэрбээр өнгөрсөн сард иргэд, аж ахуйн нэгжийн хандиваар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “талбай”-тай болсноо тунхагласан юм. “360 градус” төслийг тэрбээр санаачлан ажил хэрэг болгосноо хэлж байсан. Хандивын мөнгөний цаана шамшигдуулсан, идсэн уусан гэх хардлага үргэлж дагалддаг жишгээр мань хүнийг ч энэ яриа тойроогүй.

ХӨШӨӨГӨӨР ХӨРӨНГӨЖИХ УХААН

Хөшөөгөөр хөрөнгө завших нь нэг ёсны нарийн ухаан юм даг уу. АСЕМ-ийн үеэр ч мөн “Тэнгэрийн өрх” нэртэй хүрэл цутгамал хөшөө босгосон. Эл ажлыг хариуцсан хүн нь Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар А.Ганбаатар. Ерөнхийлөгчийн олон зөвлөхийн нэг тэрбээр 500.0 сая төгрөгийн үнийн дүнтэй хөшөөг хийлгэхээр “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББын тэргүүн А.Чадраабалтай 2016 оны наймдугаар дугаар сарын 2-нд 01 дугаартай гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу ГХЯ-аас 2016 оны наймддугаар сарын 3-нд 500.0 сая, 2016 оны арванхоёрдугаар сарын 21-д “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ-аас уг уран баримлыг БНХАУ-аас оруулж ирэх гаалийн татвар 58.1 сая, бусад нэмэлт зардалд 22.0 сая нийт 580.1 сая төгрөгийг санхүүжүүлсэн. “Тэнгэрийн өрх“ хөшөөг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дэх “Энхтайваны хонх” хөшөөний сууринд байрлуулахын тулд “Энхтайваны хонх” хөшөөг сууринаас баруун тийш 50 м орчимд нүүлгэн шилжүүлж, хоёр хөшөөний суурийг бэлтгэх ажлыг сонгон шалгаруулалт хийлгүйгээр 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд 71.9 сая төгрөгөөр “Шандаст хонгор” ХХК-аар гүйцэтгүүлэхээр 10/16 дугаартай гэрээг “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ, “Шандаст хонгор” ХХК-тай байгуулсан байна. Мөн хөшөөний ажилтай холбоотойгоор 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нд иргэн Д.Бат-Эрдэнэд 16.7 сая төгрөгийг ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүйгээр бэлнээр олгосон. Нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу, ажил хүлээж авсан акт, хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй.

Мөн AСЕМ-ын уулзалтад оролцсон төлөөлөгчдөд өгсөн бэлэг дурсгалын зүйл, ном зэрэг нь төсөвт өртөгтэйгөө зөрж байгаа бөгөөд батлуулсан төсөв байхгүй, шууд захиалан худалдан авч зарцуулж хууль зөрчсөн үйлдлүүд бий. Ах нарынхаа үгээр үг дуугүй үүргээ биелүүлсэн гэх тайлбар түүний амнаас цухалздаг л юм.

ХҮСЭЛ АСЕМ ХОЁР ИЖИЛ ҮҮ

Хүүхний зураг дарж, хөдөөгийн хөгжлийг магтан сайшаадгаараа алдаршаад байгаа гишүүн асан Д.Зоригт АСЕМ-тэй холбоотой. Тэрбээр Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нэгэн. Үнэтэй машин, тансаг автобуснуудыг нэрлэвэл уртхан жагсаалт гарна. 199 ширхэг автобусны үнээр 43 ширхэгийг худалдаж авсан хардлага ч бий.

“АСЕМ”-ын үйл ажиллагаа явагдсан 16 чиглэлд 43 автобус 2016 оны долугаар сарын 2-18-ны хооронд 16 өдөр үйлчилсэн. Бүх автобус өдөр бүр үйлчилгээнд гараагүйгээс гадна нийт 4.734 зочид тээвэрлэснийг автобусны суудал 38-ын тоотой харьцуулахад 15.3 хувийг ашиглажээ. 2016 оны долдугаар сарын 2-ны өдөр “Нисэх-зочид буудал” гэсэн 1 чиглэлд УНЗ 4118 улсын дугаартай автобус 15 хүн тээвэрлэсэн бол 39 хамгийн ихдээ 2016 оны долдугаар сарын 15-нд 39 автобус үйлчилгээнд гарч 1,768 хүн тээвэрлэсэн байна.

“АТҮТ” ТӨҮГ-аас автобус бүрд улсын дугаар, бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн даатгал, GPS, хөшиг, суудлын бүрээс, тээврийн хэрэгслийн даатгал, жолооч нарт “АСЕМ”-ын логотой ажлын хувцас, жолоочийн хариуцлагын даатгал, цалин хөлс, хоол, эмчийн үзлэг гэх мэт зардалд 195.0 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан. Тухайлбал 43 автобусанд үндсэн 43 жолооч, ээлжийн 4 жолооч ажиллаж цалинжуулсан бөгөөд цалинд “АСЕМ 2016 дэмжих сан” ТББ-аас 17.5 сая, “АТҮТ” ТӨҮГ-аас 45.7 сая, нийт 63.2 сая төгрөг санхүүжүүлжээ. Автобусны шатахууны зардалд ГХЯ-аас 15.0 сая төгрөг бөгөөд 10.0 сая төгрөгийн шатахууны талон авсан бөгөөд “АСЕМ”-ын үйлчилгээнд 43 автобус нийт 7.774 км гүйлт гарч, 10.8 сая төгрөгийн шатахуун зарцуулжээ. Автобус бүрд зарцуулагдаагүй нийт 4.2 сая төгрөгийн шатахууны үлдэгдэл байна. Харин ГХЯ-аас ирсэн санхүүжилтээс 10.0 сая төгрөгийг “АСЕМ”-ын бус зардалд зарцуулжээ.

“АТҮТ”/ захирал Н.Пунцаг, СХОГ-н дарга Ш.Баяраа/ ОХУ-ын “Веком” компанитай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 51.4 сая төгрөгийн 150 ш терминал ASC-7S ext тоног төхөөрөмжийг холбогдох дагалдах хэрэгслийн хамт худалдан авахаар ХХАГ 16/010 дугаар гэрээ /шууд/ байгуулан хүлээн авч бүртгэлд тусгажээ. Энэхүү тоног төхөөрөмжөөс 52 ш-г ЦЕГ-ын авто баазын “Toyoma Prius 30” маркийн авто машинд, 43 ш-г АТҮТ-ийн 43 автобусанд суулгасан байна. Гэвч эдгээрийг хүлээлгэн өгсөн, авсан болон ашиглалтын талаар тодорхой баримт байхгүй.

Мөн ОХУ-ын “Веком” компанитай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 110.9 сая төгрөгийн GSM болон GPRRS технологийн дэмжлэгтэй тээврийн хэрэгслийн хяналтын “Wialon Local” программыг худалдан авахаар ЛГ-16/001 дугаар гэрээ /шууд/ байгуулан хүлээн авч зохих шийдвэргүйгээр бүртгэлд тусгасан байна. Одоогоор орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээний хяналтад ашиглаж байгаа гэж тайлбар өгсөн.

П.Цагааны адилаар тэрбээр мөн л төслөөс хооллож яваа. “Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд орон нутгаар “тэнүүчилсэн” шигээ хөөрхөн хүүхэн харж мэлмий, дуран хоёроо баясгасан шигээ явна.

АСЕМ-ААС ЦЭЦ РҮҮ

АН засаглах бүрт Д.Дорлигжав төрийн өндөр албан тушаалд очдог уламжлал бий хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Үнэхээр ч өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд түүн шиг том хүн байгаагүй гэвэл хэтийдэхгүй биз. Хууль зүйн сайд, ерөнхий прокурорын суудалд ганц түүнийх л байв. Тиймдээ ч АСЕМ-ийн үеэр зочид, гийчдийн аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллав.

Төлөөлөгчдийг визний хураамжаас чөлөөлөхөө онцолж байсан тэрбээр харьяа байгууллага болох ЦЕГ-т “АСЕМ”-д оролцох зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Хэт моторс” ХХК-аас нийлүүлэгдсэн нэг бүр нь 64.1 сая төгрөгийн үнэтэй нийт 3,337.2 сая төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг “Тоёота приус-30” маркийн суудлын автомашиныг авсан байна. Мөн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 35.6 сая төгрөгийг ЦЕГ-ын даргын тушаалаар шийдвэрлэж, шууд худалдан авалтаар “Долоон болдог” ХХК болон “Эй и Кэй” ХХК-аас 14.5 сая төгрөгийн тавилга, ширээ сандал авчээ.

Сонгуулийн дараагаас сураг алдарсан тэрбээр Цэцийн гишүүний суудал руу хэсэг мөлхөж үзсэн. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сунгаанд өрсөлдөж, бүр тодруулбал Н.Алтанхуягийн саналыг хуваахад нөлөөлж, Х.Баттулгыг олонхийн санал авахад дэмжлэг үзүүлсэн хүн нь Д.Дорлигжав. Үүгээр Х.Баттулга түүнд өртэй. Тиймээс Цэцийн суудал түүнийх гэж бодсон биз.

ҮҮЛ БААТАР МАРТАМХАЙ БОЛСОН УУ, ЭСВЭЛ …

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 300 сая төгрөгийн үнэ бүхийн автомашин унаж байгаад хотын дарга асан Э.Бат-Үүл ихэд бухимдав. Нийслэлийг нэгэн үе базаж байсан тэрбээр АСЕМ-д онцгой эрхтэй оролцсон нь Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллав. Хуучин машины сэлбэг оруулж ирдэг газраас хүнсний ногоо авсан тайлан гаргасан гэхээр доодуул нь мань хүнийг чадаж л дээ. Гэсэн ч зочид хоолонд хордоогүй юм хойно, тэр ч өнгөрч.

Ходоодонд орсон хоолонд аудит хийж болох биш гэж үг бий. Үнэхээр ч тийм байх. Ганцхан жишээ татахад, “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд зарцуулсан нийт зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айргийн үнэ болон сүүдрэвчний  түрээсийн төлбөр. Гүйцэтгэлийг 500 зочид төлөөлөгчдөд харьцуулахад 1 хүнд архи 1.1 литер, ундаа 9.6 литер , ус 5.5 литер, шар айраг 25.1 литер байхаар тооцоо гарчээ. Энэ нь төсвийг бодитой биш, үндэслэл муутай төлөвлөсөнтэй холбоотой хэмээн аудитын дүгнэлтэд тусгагдсан байна.

Гэхдээ үүнээс илүүтэй АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулсан хаөрөнгийн 74 хувийг өмчлөлт бүртгээгүй нь анхаарал татна. Өнөөх 500 сая төгрөгийн өртөг бүхий хөшөөг нийсэллийн өмчид бүртгээгүй.

Үргэлжлэлийг 

Нийгмийн шуудан сонин