Хан-Уул дүүрэгт орших "Гоёо ХХК"-ийн үйлдвэрийн агуулахад энэ сарын 13-нд хүн угаартаж нас барсан хэрэг гарчээ. Энэ сарын 13-ны шөнийн 02:21 цагдаагийн байгууллагын утсанд Цэргийн төв эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр угаартсан хоёр хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад  "Гоёо" ХХК-ийн үйлдвэрийн агуулахад хоёр хүн угаартсан байжээ.

Энэ талаар ЦЕГ-ийн Хэвлэлийн мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүрээс тодруулахад "ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэг болсон гэх газар ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Гоёо" ХХК ээрмэлийн үйлдвэрийн агуулах. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гурван хүн угаартаж нэг хүн нас барж хоёр хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Харин тухайн цехэд ажиллаж байсан ажилчдыг мөн угаарын шинж байгаа эсэхийг тогтоохоор шинжээч томилон ажиллаж байна" гэлээ. 

Талийгаач нь гагнуурчин мэргэжилтэй. СХДүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 35 настай, М байжээ. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн шөнийн 12.00 цагийн орчимд дуудлагын дагуу Түргэн тусламжийнхан "Гоёо" компанийн ээрмэлийн үйлдвэрт очиж, эхний хоёр хүнийг эмнэлэг рүү зөөвөрлөсөн ч нэг нь замдаа түргэний машинд амьсгал хураасан. Нөгөөгийнх нь биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа. Хордлогын шинж илэрсэн 17 хүний дөрөв нь эмнэлэгт эмчлүүлж байна. Бусад нь биеийн байдал дээрдсэн ба эмнэлэгт хэвтсэн дөрвөн хүний нэг нь хүнд, нэг нь хүндэвтэр, хоёр нь дунд зэргийн хордлоготой байна. "Хордлогын шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. Бензиний үнэр, нүүрсхүчлийн дутуу ислийн хордлого байх магадлалтай гэж урьдчилан таамаглаж байгаа. Хордсон ажилчид “Гоёо” компанийн барилгад гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүмүүс байсан" гэсэн юм. 

Гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүмүүс "Мөнх харш" ХХК-ийн ажилчид байсан гэнэ.