Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулав. Тоон мэдээллээс харахад манай улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбар өөдрөг, өсөлттэй гарчээ. Зарим үзүүлэлтийг нь тоймлон хүргэе.

Он гарсаар 58 мянган хүүхэд мэндэлсэн байна

Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 57.6 мянган эх амаржиж, 58 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 3221-ээр нэмэгдсэн байна. Тэгвэл халдварт өвчнөөр өвчлөгчид он гарсаар 31.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2716- гаар буурчээ. Ингэж буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2595-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2318-аар, сүрьеэгээр өвчлөгчид 200-гаар, вирүст хепатитаар өвчлөгчид 39-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин мөөгөнцөрөөр өвчлөгчид 84, тэмбүүгээр өвчлөгчид 58, трихомониазаар өвчлөгчид 133-аар өсчээ. Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ ДОХ-ын тохиолдол нийт 266 болсон байна.

Хөрөнгө завших гэмт хэрэг 77 хувиар өсөв

Улсын хэмжээнд он гарсаар 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5.5 мянгаар өсчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд залилах гэмт хэрэг хоёр дахин, дээрмийн гэмт хэрэг 89 , хөрөнгө завших гэмт хэрэг 77, хүчингийн гэмт хэрэг 45, хулгайн гэмт хэрэг 24.8, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 16.4-өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 131.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 24 тэрбум төгрөг болжээ. Гэмт хэргийн улмаас 6.8 мянган хүн гэмтэж, 728 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурчээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.5 мянгаар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 1.3 мянга болж, 35.2 хувиар буурчээ.

Татварын орлого 5.8 их наяд төгрөг болжээ

Mөнгөний нийлүүлэлт 17.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 471 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.2  их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 929.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 50.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрлээ. Харин татварын нийт орлого 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.6 хувийг татварын орлого, 10.2 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.5 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Гадаад худалдаа 9.6 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улс  оны эхний есөн сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.3 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрлээ. Харин өнгөрсөн есдүгээр  сард экспорт 611.5 сая ам.долларт, импорт 549.0 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс экспорт 131 сая ам.доллараар, импорт 172.5 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Тэгвэл аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд нүүрс олборлолт 858.5 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 197.3 тэрбум төгрөгөөр өслөө.

Ямааны ноолуур 40-88 мянган төгрөгийн үнэтэй байна

 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр өнгөрсөн есдүгээр сарын байдлаар үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Ховд аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 20 мянган төгрөг байна. Адууны ширний дундаж үнэ Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 12 мянган төгрөг, бусад аймагт 6-11 мянган төгрөг байна. Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Архангай, Дорнод аймагт хамгийн бага буюу 40 мянган төгрөг, Өвөрхангай аймагт хамгийн их буюу 88 мянган төгрөг байна. Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 150 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн бага буюу 109.4 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Өмнөговь аймагт хамгийн их буюу 115.2 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 73.2 мянган төгрөгийн үнэтэй байна.

Үндэсний шуудан сонин