Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн малыг маллаж байсан хоёр ялтан оргон зайлсан байна. Ялтанууд суллагдахад 3 жил дутуу байсан бөгөөд оргосон нь тэдний эдлэх ялыг 6-8 сараар нэмүүлсэн байна.

Хорих ангид ажил хийж байгаа ялтануудын хувьд оргоход амар байдаг бололтой.  Мал хариулдаг ялтанууд нь хянагчийнхаа нүдэнд дээр мотоцикль түрээд оргон зайлсан байна.  Тэднийг  эрж хайх ажиллагаанд 2.2 сая төгрөг зарцуулсан байна.  Тэгвэл хорих ангиас оргосон ялтнууд хэн байв?

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй Н.Т нь  урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэн уг ялаа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн малын хэсэгт ажиллаж байгаад оргожээ.

Түүнтэй хамт  Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 онд  төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй Б.А оргосон байгаа юм. Б.А  нь  урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10 дахь хэсгүүдэд зааснаар 07 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 07 жил 01 сарын хорих ялаас 01 жил 11 сар 10 хоногийн хорих ялыг дүйцүүлэн хасч, үлдэх 02 жил 10 сар, 11 хоногийн хорих ялг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэгт холбогдох үедээ Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн малын хэсэгт ажиллаж байсан аж.  

Тэдний хувьд 3 жилийн дараа суллагдах байсан ч оргосон нь үндсэн ялан дээрээ  6-8 сарын ял нэмүүлсэн байгаа.

Тэдний оргосон талаар тус хорих ангийн ажилтан  “...Ялтан Б.А., Н.Т. нарыг алга болдог өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2-3 хоногийн өмнө манай малын хэсэг дээр ажиллаж байгаа ялтан Н.Т.ын хариуцдаг үхэр сүргээс ногоон зүсмийн нэг үнээ алга болоод байсан юм тэгээд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би Н.Т.д хандаж алга болсон үхрийн сураг Өндөрхаан уулын ар хэсэгт гараад байна чи түүнийг тэр хавиар хайж үзчихээд ир гэж хэлээд тус өдрийн 14 цагийн үед явуулсан, тэрнээс өмнө нь би манай ногоон зүсмийн үнээ тэнд байгаа гэдгийг явуулын хүмүүсээс сонссон байсан тэгээд тэр өдрийн орой 21 цагийн үед Н.Т. нэг танихгүй дугаарын утаснаас залгаад Өндөрхаан хайрханы эндээс айлын утаснаас ярьж байна үхэр энэ хавиар байхгүй байна, би Б.А.тэй цуг явж байна, Б.А. нэг үрээ хайгаад явж байгаа алга болсон үнээний сураг Мөрөн сумын зүгт байж магадгүй юм шиг байна тэгэхээр нь би тэр хоёрыг за та хоёр наад үхэр мал яах вэ одоо малын хэсэг дээрээ эргээд ир гэж хэлсэн, тэгээд би тухайн өдөр Н.Т.ын байдаг үхрийн суурин дээр очиж хоносон тэр шөнө Н.Т., Б.А. хоёр ирж хоноогүй уг нь бол журмаараа малын хэсэг дээр ажиллаж байгаа хоригдлууд байрлаж байгаа суурингаас гадуур хонохыг хориглодог тэгээд ч орой шалгах үед суурин дээрээ байж байх ёстой байдаг юм. Тэр өдрйин маргааш буюу 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн үед би малын хэсэг дээр хамт ажиллаж байгаа ахлах ахлагч Дөлбадрахтай уулзахад түүний хариуцаж байгаа ялтан Б.А. урьд өдөр ирж хоноогүй гэхэд нь би Б.А., Н.Т. хоёр урьд шөнө над руу утсаар хамт явж байна гэж ярьсан гэхэд Дөлбадрах наад хоёр чинь өчигдөр малын хэсгийн ойролцоо байдаг тариалангийн талбайн манаачийн мотоциклыг аваад явсан гэж тэр тариалангийн талбайн манаач Түвшинжаргал өглөө Дөлбадрахтай ирж уулзсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б.А., Н.Т. нарыг хайж явж байгаад Мөрөн сум руу очиж Б.А.ийн Мөрөн суманд оршин суудаг эхнэр Галхүүтэй нь уулзахад Б.А. нь өчигдөр нэг залуутай хамт мотоцикльтой ирсэн тэгээд энд цай хоол идчихээд Мөрөн сумаас зүүн хойш хөдөлсөн гэж хэлсэн тэрнээс өөр юм би асуугаагүй, тэгээд би Б.А.ийн эхнэрийн зааснаар Мөрөн сумаас зүүн хойш нөгөө хоёрын араас хөдлөөд Өндөрхаан хайрханы ар луу өгсөөд явж байтал Н.Т. над руу утсаар залгаж ярьсан. Тухайн үед би Б.А., Н.Т. хоёртой хоёулантай нь утсаар ярьсан тэгэхэд тэр хоёр унаж яваа мотоцикль ерөөсөө болохгүй байна бид хоёр Өндөрхаан хайрханы урд хэсэгт байна гэж хэлэхээр нь би мотоцикль чинь болохгүй байгаа юм бол би наанаас чинь яваад очъё та хоёр бас наашаа дөхөж байгаарай гэж хэлээд утсаа салгасан, тэгээд би Өндөрхаан Хайрханы өврөөр явж байхад тэр хоёртой ерөөсөө таараагүй тэгэхээр нь би нөгөө над руу залгаж ярьсан утасны дугаар руу нь ахиад залгахад холбогдоогүй тухайн үед харанхуй болсон байсан цаг бараг 10 билүү 11 болж байсан санагдаж байна, бас тухайн үед нэлээн хүчтэй бороо орж байсан тэгээд би явж байгаад Хайрханы энгэрт байсан нэг айлд хоноглосон. Тэр өдрийн маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө гэгээ орж байх үед би нөгөө айлаас хөдлөөд малын хэсгийн суурин дээр ирээд Б.А., Н.Т. нар нь ирээгүй байсан болохоор шууд Н.Т.ын хуучин байдаг байсан Баян-Адрага сум оръё нөгөө хоёр тийшээ явсан байж магадгүй гэж бодоод Бэрхээр дамжаад Баян-Адрага сум орж замын айлуудаар нөгөө хоёрыг сураглаж яваад бараг орой болж байхад 21 цагийн үед Н.Т. над руу өчигдрийн ярисан дугаараасаа над руу залгаад даргаа би жаахан архи уучихаад явж байна Б.А. бид хоёр цуг явж байна бид хоёр одоо энд нэг найзындаа хоол цай уучихаад шууд очлоо гэж хэлсэн тэгэхээр нь би тэр хоёрт би бас Баян-Адрага сумын төв дээр байна та хоёр яг хаана байна гэж асуутал нэг найзындаа байна гээд тодорхой юм хэлэхгүй байсан тэгээд утсаа салгасан. Тэгээд би тухайн үед шууд байгууллагын дарга нар луу Н.Т. над руу ярьсан талаар хэлээд Н.Т.ын над руу залгаж ярьсан утасны дугаарыг нь өгсөн тэгээд би тэр хоёрыг худлаа ярьж байгаа гэж бодоод Баян-Адрага сумын төвөөс жаахан зүүн тийшээ явж байтал зам дээр нэг машинтай хүнтэй дайралдхаар нь нөгөө хоёрыг асуусан чинь тэр хүмүүс өдөр 15 цагийн үед ногоон мотоцикльтой хоёр хүн Ононгийн гүүрний тэнд таарсан. Бид нараас тамхи асууж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг Дадал сум руу явсан гэж бодоод төв рүү утсаар хэлсэн, тэгээд би цаашаа явсаар байгаад 2018 оны 07 дугаар сарын 09-ний үүрээр 05 цагийн үед Дадал суманд очиход Б.А. цагдаад саатуулагдсан Н.Т. нь байхгүй байсан намайг Дадал сум руу ирж байхад шөнө яг хэдэн цагыг нь сайн мэдэхгүй байна дарга над руу утсаар яриад нөгөө хоёрыг Дадал сумын хэсгийн төлөөлөгчөөр бариулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчийг нөгөө хоёрыг харж байх үед Н.Т. нь ахиад зугтсан юм билээ...” хэмээн хэргийн талара мэдүүлсэн байна.

Бусад гэрчүүд ч оргон зайлсан болохыг нотолсон байдаг бөгөөд шүүхээ тэднийг гэм буруутай гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т.г 08 /найм/ сарын хорих ялаар, Б.А.г 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т.д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ жил 01 /нэг/ сар 29 /хорин ёс/ хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил 09 /ес/ сар 29 /хорих ес/ хоногоор, Б.А.д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 09 /ес/ сар 28 /хорин найм/ хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сар 28 /хорин найм/ хоногоор тус тус тогтоосон байна.