Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг нар 2005 онд Их Майдар төслийг санаачилсан билээ.

Төвдийн ламын шашины домогт гардаг Майдар гэх бурханы нэрээр нэрлэгдсэн уг төслийн хүрээнд "Майдар эко хот”-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн юм.

 

Уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж, ерөнхий архитектор Штефан Шмиц ажилласан бөгөөд Шашин, соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, дотоод, гадаадын иргэдэд хотоос холгүй эрүүл орчинд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой үзвэр үйлчилгээний цогцолборын ажлыг Төв аймгийн Сэргэлэн сумын, Өгөөмөрийн аман дахь Зүрх толгойд 2014 онд эхлүүлсэн.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидсын суварга босгоно.

 

 

Майдар бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан гэж Төвдийн ламын шашиныхан үздэг. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай юм байна.

 Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр.

2014 оны байдлаар Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увидасын суваргын ажилд 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга уг төслийг өөрийн хөрөнгө болон иргэдийн хандиваар барихыг зорьж байсан ч уг төсөл одоогийн байдлаар түр зогсоод буй билээ.

300-400 мянган хүн амьдрах уг хот баригдах Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрийг Засгийн Газар 2018 оны 8 сарын 30-нд гаргасан. Учир нь Газрын тухай хуулийн дагуу үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын газрыг Засгийн Газар тусгай хэрэгцээнд авна гэдэг заалт байдаг бөгөөд Майдар төсөл бол үндэсний хэмжээний бүтээн байгуулалт гэсэн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг байдаг аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг эко хотын хөрөнгө оруулалтыг босгоход сүүлийн үед онцгойлон анхаарч буй гэдгээ Бельги улсын Брюссель хотноо Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ нотоллоо.

Тодруулбал тэрээр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нартай уулзах үеэрээ Монгол улсад шинэ эко хот байгуулах төслөө нарийвчлан танилцуулж, уг төсөлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж байсан юм.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ч эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болж, Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллахаа мөн мэдэгдсэн билээ.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга "Майдар" хотын хөрөнгө оруулалтыг босгоход онцгойлон анхаарч, барууны өндөр хөгжилтэй орнуудын дэмжлэгийг авах нь зөв гэж үзэж буй бололтой.

П.Мандах

sonin.mn