Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.

-Уул уурхай доллар олох том боломжтой салбар, уул уурхайгаа зөв ашиглаж их мөнгө олох гарц л бидэнд бий. Гэтэл уул уурхайн төслүүд нэг л урагшилж өгөхгүй юм. Таныхаар шалтгаан нь юундаа байна вэ?

-Уул уурхайн засаглалд анхаарах хэрэгтэй. Уул уурхайн засаглал гэдэг сэдэв ганц манай ч биш, олон орны өмнө тулгамдсан асуудал. Уул уурхайгаас олсон мөнгөө зөв зарцуулсан улс байна. Чадаагүй нь ч бий. Уул уурхайгаас хожил гаргасан улсаас гадна байгальдаа хохирол учруулсан орон ч зөндөө. Энэ бүгдээр үүдээд уул уурхайн засаглалаа шинэчилж ойлгоод засах асуудлыг дэлхий нийтээрээ яриад эхэллээ л дээ. Уул уурхайн засаглал бол олон үе шатыг хамарсан ойлголт. Геологи, хайгуул хийх, олборлох, татвар хураамжаа хэрхэн авах, орон нутаг Засгийн газартай ямар аргаар ажиллах, байгалийн баялгаа ирээдүйтэйгээ хуваалцах шийдэл, зарцуулалтыг яаж хийх, олон нийтийн хяналтад оруулахын тулд хэрхэх гэх мэт цогц асуудлыг уул уурхайн засаглал гээд байгаа юм. Уул уурхайн яамны хэмжээний асуудал биш гэсэн үг.

-Наад зах нь стратегийн орд, стратегийн ач холбогдолтой учраас гээд төр нь оролцоод төслүүдээ тушаад байхаар засаглал мантай болчихоод байх шиг. Стратеги гэсэн ойлголтод та ямар байр сууринаас ханддаг вэ?

-Стратеги гэдэг ойлголтыг зөв ойлгомоор байгаа юм. "Уул үзээгүй байж хормой шууна" гэдэг шиг уул уурхай гэхээр л маш том стратегийн асуудал ярьж байна гэж ойлгодог хандлага бий. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Хүн төрөлхтний түүхийг томоор харвал уул уурхай маш эртний түүхтэй. Сонирхуулж хэлэхэд Библид өнөөгийн Зимбабве гэж Африкийн улсад маш их алт байгаа тухай бичээстэй байдаг. Зимбабве гэдэг уул уурхайн эрдэс баялагтай орон Библийн сургаалд хүртэл орчихсон байх жишзэний. Олон орон уул уурхайгаасаа орлого олж амьдардгаа стратеги гэж үзэхээ больчихсон. Уул уурхайн орлогоо их мөнгө өгдөг салбар гээд ойлгочихсон улс орон стратеги гэж харж, тэгж бодсоноосоо болж алдаа хийж эхэлдэг. Тэр орнуудын тоонд Монгол багтана. Монгол өөрийн стратегитай байж болно. Гэхдээ өөрөөсөө зардал мөнгө, тоног төхөөрөмж гаргаад олборлож хүчрэхгүй учраас бусадтай хамтарч таарна. Тэгэхээр бусдын стратегийг хүндлэх хэрэгтэй. Бид стратегитэй гээд гаднаас орж ирж буй хөрөнгө оруулагчийг үргээгээд хаагаад байна л даа. Манай улсыг сонирхож ирсэн хөрөнгө оруулагч ч өөрийн гэсэн стратегитай. Стратегиа эвцэлдүүлэх учиртай. Миний стратеги гадны хөрөнгө оруулагчийнхтай эвцэлдэхгүй л юм бол бид хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй. Тийм учраас стратегийн гэж хэтрүүлэн ойлгодог байдпаасаа татгалзвал зүгээр санагддаг.

-Стратегийн түүхий эд уул уурхайд бий юу. Ер нь дэлхийн улс орнуудад уул уурхайн ямар бүтээгдэхүүнүүдийг стратегийн гэсэн ангилалд багтаадаг юм бол?

-Монголд стратегийн түүхий эд байхгүй. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж ирсэн байдаг. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэс үүдэлтэйгээр тогтсон нэр томьёо. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байсан. 1939 онд "Стратегийн түүхий эдийн хууль" гэдгийг баталсан. Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэдэг юм.Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй критикал түүхий эд гэдэгт хамаарна. Гэхдээ эрэлт ихтэй критикал түүхий эд заавал стратегийн түүхий эд байх албагүй.

-Гэтэл манай улс стратегийн гээд баахан орд баталчихсан. Стратегийн орд гэдэг ойлголт дэлхийд бий юу?

 

-Супер циклийн үед уул уурхайгаас маш их мөнгө олдог гэж буруу ойлгочихоод тэрэндээ хөөрцөглөж стратеги гэсээр байгаад баахан ордыг стратегийн болгочихсон түүх бидэнд бий. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийд стратегийн орд гэсэн ойлголт байдаггүй.

Түрүүн хэлсэнчлэн стратегийн түүхий эд л гэж бий. Европ, Америк, Япон гээд томоохон орнууд стратегийн түүхий эд гэсэн ойлголтыг тойрсон асуудлаар жил бүр хуралддаг. Эдгээр улс стратегийн түүхий эд гэдэгт юу багтах тал дээр дундаа нэг жагсаалттай болъё гэж ярьж эхэлсэн. Тэр жагсаалтад нь 30 төрлийн уул уурхайн түүхий эд байгаа юм. Тэр жагсаалтад нь зэс, нүүрс байхгүй. Жагсаалтад байгаа түүхий эдээс нэг нь ч Монголд өнөөхөндөө олдоогүй. Гэтэл бид энд огт өөр зүйлийг стратеги гээд буруу бодчихсон сууж байна. Өөрсдийгөө хэтрүүлэн үнэлэхээр буруу бодлого гаргрх нь тодорхой шүү дээ.

-Та уул уурхайн баялаг гэж  ярих нь буруу гэж бичсэн байсан. Баялаг гэж ярьж ойлгохын сөрөг тал нь үнэхээр таны хэлсэнчлэн эдийн засагт тээг болоод байна уу?

-Уг нь эрдэс түүхий эд, уул уурхайн неөц гэж ярих ёстой. Гэтэл бид таны асуусанчлан баялаг гэж яриад байдаг. Баялаг гэсэн буруу үг хэрэглэдгээсээ шалтгаалаад өөрсдийгөө баян гэж бодоод байна л даа. Хөдөлмөр, зардал шингэсний үр дүнд газрын гадарга дээр гарч хэрэглээнд орсон тохиолдолд л баялаг болно. Баялаг болоогүй, газар доор хэвтэж байгаа бол уул уурхайн түүхий эд, нөөц. Нэр томьёо, ойлголтын алдаанаас болж "Бид баян юм чинь хэн нэгэн ирж гуйна" гэж бодоод харамлах сэтгэлгээгээр хандаж, эдийн засгийн хөгжлөө боомилоод суугаа байдал анзаарагддаг. ДНБ, экспортынх нь гол орлогыг уул уурхайн түүхий эд эзэлж байвал л тухайн орныг уул уурхайн баялагтай улс гэдэг. Гэхдээ баян гэдэг үг биш.

-Уул уурхайн баялгаас ахиу мөнгө олох боломжтой гэдэг утгаараа баян улс гэж харж болох юм биш үү?

-Би танд нэг харьцуулалт хэлье. Монгол Улсад хааш хаашаагаа нэг метр квадрат нутагт өнөөдөр олдчихсон байгаа баялгийг үнэлээд харахаар нэг ам.долларт ч хүрэхгүй байна. Гэтэл Африкийн орнуудын дундаж маш өндөр. Нэг квадрат метрт ногдож байгаа байгалийн баялаг нь 30 мянган ам.доллар. Европ, Америк, Япон гэх мэт хөгжилтэй орнуудыг бид байгалийн баялаггүй гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ тэдний үзүүлэлт үнэлгээ нь бүр өндөр. Нэг метр квадрат газарт ногдож буй байгалийн баялгийн үнэлгээ нь 125 мянган ам.доллар. Байдал ийм байхад монголчууд "Америк, Европ байгалийн баялаггүй, гэтэл бид газар дороо эрдэнээр дүүрэн улс" гэж цээжээ дэлддэг. Нэг ам.доллар, 125 мянган ам.долларын зөрүүг төсөөл дөө. Тийм учраас бид буруу ойлгоод, хамтрах хүмүүстэйгээ стратегиа эвцэлдүүлж чадахгүй, ажиллаж чадахгүй байдал үүсчихсэн. Тэгэхээр баян биш гэдгээ маш сайн ойлгох ёстой. Өнөөгийн эдийн засгийг эрүүл гэхээс илүү сэтгэл зүйн гэж тодотгомоор санагддаг юм. Юмыг буруу харчихсан, сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг нөхцөлд улсаа буруу удирддаг эрсдэл бий.

-Уул уурхайн засаглалаа зөв бол гоё, уул уурхайгаасаа ахиу мөнгө олоод улсаа хөгжүүлье гэвэл бид яах ёстой вэ?

-Сая хэлсэнчлэн ямар хэмжээнд байгаагаа хамгийн түрүүнд сайтар ухаарах ёстой. Байгалийн баялгаар баян биш, байгалийн баялгаас хараат амьдардаг улс гэдгээ л мэдэх хэрэгтэй. Дахиад хэлье бид баян биш. Стратеги гэж нэг их чухалчлах асуудал биш, стратегийн түүхий эдийн нэг нь ч Монголд үгүй гэдгээ ухаарч чадвал ярьж хэлэх өнцөг, асуудал, харилцаа огт өөр болоод ирнэ.

-Европ, Америк, Япон байгалийн баялаг ихтэй юм бол яагаад ашиглахгүй байна вэ?

-Хүн төрөлхтнийг бүхлээр нь аваад үзвэл байгалийн баялгаа судалчихсан юм биш. Сансар, огторгуйг илүү их судалсан. Байгалийн баялгаа олон орон судалж чадаагүй. Хөгжилтэй том орнууд байгалийн баялгаараа биднээс баян. Яагаад ашиглахгүй байна вэ гэдэг асуултын хариу их энгийн. Хотжилт, дэд бүтэц нь хөгжсөн учраас хэцүү. Доогуур нь ухаад хайлтай биш. Ийм шалтгаанаар хүн ам сийрэг, нөөц нь илэрч нээгдсэн газар руу ханддаг. Нөгөөдүүл нь өгөхгүй байлаа гээд хэцүүдэхгүй. Бэлэн нөөц нь байгаа учраас.

-Уул уурхайн том төслүүд явахгүй байгаа шалтгаан орон нутгийн иргэд, иргэний хөдөлгөөний эсэргүүцэл. Тэр хэсэгтээ мэдээлэл хүргэж, илүү ойлголцож ажиллах шаардлага бий гэдэг тайлбарыг та хүлээн зөвшөөрөх үү?

-Мэдээлэл бүхий иргэд гэсэн ойлголт бий. Бид уул уурхайн чигийн ойлголтуудыг сайн мэдэхгүй учраас мэдээлэл бүхий иргэдгүй гэсэн үг. Мэдээлэл бүхий иргэдгүй учраас эсэргүүцэгчид, босогчид, нураагчид болж хувираад байна л даа. Яагаад ингэж эндүүрдэг вэ гэхээр том компаниуд цараатай төсөл хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө зах зээлээс босгохын тулд "Манай компанийн Монголд хэрэгжүүлэх гэж буй орд газар их нөөцтэй" гэж мэдээлдэг. Тэр мэдээллийг нь энгийн хүн хөндлөнгөөс сонсоод "Бид чинь баян юм байна" гээд ойлгочихдог. Гэтэл компаниудын босгож байгаа мөнгө асар их зардалтай ажиллагаанд зарцуулагддаг. Мэдээлэл бүхий иргэдтэй болох зайлшгүй шалтгаанууд бий. Том төсөлд хээл хахууль гэх мэт асуудал үүсэх аюул хэвээр байгаа. Тэр эрсдэлийг олон түмний хараа хяналтаар хазаарлаж өгөх хэрэгтэй. Гэтэл хазаарлах ёстой хүмүүс нь мэргэжлийн бус хандаж, хардаж, том төслүүдийн садаа тээг болж зогсоочихоод байна. Тэгэхээр уул уурхайн засаглалыг өөрчилье гэвэл эхлээд хүмүүсийн мэдээлэл, сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Зөв мэдээлэлтэй иргэд хяналтын функц, камерын үүрэг гүйцэтгэнэ.

-Иргэдийг мэдээлэлжүүлж, мэдлэгжүүлэхийн тулд яах ёстой вэ. Дэлхийн загвар жишиг гэж байна уу?

-Байлгүй яахав. Энэ үзэгдэл ганцхан Монголд болж байгаа юм биш л дээ. Африкийн орнуудад болоод өнгөрчихсөн үзэгдэл. Би түрүүн танд Африкийн орнуудын байгалийн баялаг биднээс хамаагүй илүү гэдгийг хэлсэн. Африкийн орнууд дараагийн шат руу орох хэрэгтэйг ухаараад уул уурхайн засаглал гэсэн нэр томьёог системээр нь, бүхлээр нь ойлгочихсон. Тэгээд их зөв ажиллаж эхэлсэн. Уул уурхайн засаглалыг зөв тоггоож чадвал тэд түрүүлж хөгжинө. Манайд ч ялгаагүй. Зөв тогтоож чадвал тэднээс түрүүлж хөгжинө. Африк уул уурхайн засаглалыг хэрхэн тогтоох талаарх баримт бичгийг олон улсын хэмжээнд гаргаад байна. Тэр баримт бичгээ Африкийн холбоо гэж тусгай байгууллагаар батлуулчихсан. Бидэнд ч тийм тугийн баримт бичиг байх ёстой.

-Ямар баримт бичиг байна?

-Байгалийн нөөцийн харти гэж олон улсын баримт бичиг. Байгалийн нөөцийн хартиг би орчуулаад paxmongolica org сайтдаа тавьсан байгаа. Нягт нямбай уншаад хичээл заалгаад эхэлбэл уул уурхайн засаглалыг ойлгож хардаг болно.Энэ баримт бичгийг Африкийн орнууд тугийн баримт бичгээ болгосон гэсэн үг. Танзанийн уул уурхайн нөөцийн харти гэж бий. Нигерийнх байна. Монголын уул уурхайн нөөцийн харти гэж гарах ёстой л доо.

-Байгалийн нөөцийн харти-г засгийн анхааралд хүргэх тал дээр хэн ажиллах ёстой юм бол, жишээ нь таны зүгээс төр засагт хүргэх тал дээр ажиллаж байна уу?

-Энэ асуудалд санаа зовоод надтай ярилцаад сууж байгаа тань засагт хүргэх нэг алхам. Орчуулаад сайтад байршуулчихсан байна гэдэг нь миний зүгээс санал болгож буй хэлбэр.

-Таныг Ерөнхий сайд байх үед батлагдсан Ашигт малтмалын хуулийг либерал гэж олзуурхах хүмүүс байхад нөгөө талд шүүмжлэл ч дуулддаг...?

-Тэр хуулийг гаргах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Хөрөнгө оруулалт байхгүй, геологийн хувьд ямар ч судалгаагүй, хийсэн жаахан судалгаа нь оросуудын гарт, өөрөө хийе гэхээр боловсон хүчингүй, хөрөнгө мөнгөгүй. Тийм учраас дэлхийн зах зээл дээрх геологи, хайгуул хийх сонирхолтой улсыг татах хэмжээний хууль баталсан юм. Тэр хуулийн үр дүнд Оюу толгойг олсон. Оюу толгой Монголын эдийн засагт асар том үүрэг гүйцэтгээд явж байгаагийн эхлэл нь 1997 оны Ашигт малтмалын хууль. Ийм ач холбогдол, өгөөжтэй эхлэлийг шүүмжилдэг улс бий. Гэхдээ одоо тэр дуу хоолой багасчихаж.

-Импортын татварыг тэглэсэн шийдвэр бас нэл ээд шүүмжлэл дагуулдаг. Татвар тэглэх болсон хамгийн том шалтгаан нь юу байв?

-Манай дэд бүтцийн сул хөгжил, хоёр том гүрнийг давж хөрөнгө оруулна гэдэг өөрөө татвар. Байгалийн зохиочихсон татвар дээр УИХ татвар нэмж зохиох нь зөв биш. Импортын татварыг тэглэх олон шалтгааны хамгийн том нь гэвэл энэ. Тэгж байж хөрөнгө оруулагчдыг татаж чадсан. Хайгуул тэгж эхэлсэн. Харин олборлолтын үөд яах ёстой, ямар үе шатыг давах вэ гэдгийг дараагийн үе нь ойлгоогүй, хийгээгүй. Баялгийн сангаа хэрхэн байгуулах тухай дараагийн үе ярьсан хэдий ч хийж чадаагүй. Дараагийн үеийн хийж чадаагүй зүйлийн төлөө эхлүүлсэн хүн нь буруутаж болохгүй биз дээ. Цогцоор нь хийдэг зүйл юм гэдгийг өнөөдөр л жаахан ухаарч ойлгох гээд та бид хоёр яриад сууж байна.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: "Өдрийн сонин"

М.Энхсайханы албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.