Нүүрсний уурхайн тээврийн ослоор сүүлийн найман жилийн хугацаанд 50 гаруй хүн нас барсан байна. Нэг ёсондоо энэ ослоор сард нэг хүн нас барж байна гэсэн үг.

Тооцож үзвэл, 1.3 хүний амиар нэг сая тонн нүүрс олборлож, тээвэрлэж байгаа нь хэт өндөр, аюултай үр дагавартайг “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд дурдсан байх юм. Тус судалгааны дүгнэлтэд “Тавантолгой ордын олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үүссэн хүний эрхийн ноцтой зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байна” гэжээ.

Задалж хэлбэл, арван мянга орчим хүн амтай Өмнөговь аймгийн Цогтцэций суурингаас 1-10 километрт нүүрсийг ил аргаар олборлодог. Тавантолгой уурхайн амнаас Гашуунсухайтын зам хүртэл шороон замаар нүүрсээ тээвэрлэдэг. Улаанбаатар-Цогтцэций сум хүртэлх зам 59 километр шороон замтай. Эдгээр нөхцөл байдал сумын тоос, босжилт байх хэмжээнээс 10-15 дахин ихсэхэд гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ.

Сүүлийн найман жилд нүүрсний тээвэр хэт ихэссэнээс Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гардаг гэнэ. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж байгаа 12 мянга орчим жолоочийн 90 гаруй хувь нь эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь мөн судалгаагаар гарчээ. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг худалдан авагч “Шэнхуа”, “Чалко”, “Вэйнсвэй”, “Пушин” зэрэг компанид тээвэрлэлтийн асуудлаа даатгаж, тэдэнд ямар нэгэн шаардлага тавихаас зайлсхийдэг гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийнхэнтэй уулзах үеэрээ хэлсэн юм.

Мөн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хүний эрх ноцтой зөрчигдсөнийг судалгаанд өгүүлжээ. Цахилгаан үүсгүүр, усаа зөөврөөр авч хэрэглэдэг, суурингийн ямар ч төлөвлөлтгүй тус газарт өнөөдөр 15 мянган хүн ирж очин амьдардаг гэсэн албан бус тоо бий. Харин Үндэсний статистикийн хорооны бүртгэлээр Цагаан хад сууринд 75 хүүхэд амьдардаг байх юм. Тиймээс хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах үүднээс Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг түр зуур хаах зөвлөмжийг Хүний эрхийн үндэсний комисс гаргасан байна.

Түүнчлэн Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа өнгөрсөн арав гаруй жил огцом нэмэгдэж, түүний улмаас байгаль орчин сүйдэж байгааг олон улсын болон судалгааны байгууллагууд анхааруулж ирсэн байна. Нийт нутгийн 50 хувь нь лицензийн талбайд орсон, бэлчээрийн талбайн 80 орчим хувь нь талхлагдсан, нутаг дэвсгэрт нь гурван том нүүрсний уурхай, нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэдэг 50 гаруй компани үйл ажиллагаа явуулж, шороон замаар тээвэрлэлт хийж байгаагаас Цогтцэций сумын иргэд, малчдын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломж, нөхцөл туйлын хомс болж байгаа нь үнэн.

Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2009-2012 онд асар хурдацтай нэмэгдсэн хэдий ч 2013 оноос БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнэ, эрэлт буурснаар тус орд газраас экспортлох нүүрсний хэмжээ эргэн буурсан байдаг. Харин 2016 оны хоёрдугаар сараас нүүрсний үнэ огцом өсөж, нүүрсний экспортын хэмжээ 25 сая тоннд хүрсэн бөгөөд үүний дийлэнхийг Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрс эзэлж байв. Улмаар 2017 онд Монгол Улсын нүүрсний экспорт улам бүр өссөөр 33 сая тоннд хүрээд байгаа юм.

Гашуунсухайтын 230 гаруй километр зам дээр 12 мянган жолооч явж байгаа нь осол аваарын үндэс болж байгааг хэлэлцүүлэг оролцогчид онцолж байлаа. Яагаад 4-5 мянган жолооч байлгаж болохгүй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан “Нэгдүгээрт, манай байгууллагатай гэрээтэй 2003 жолооч, бүртгэлгүй 4,000 жолооч тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэж байсан.

Экспорт нэмэгдсэнтэй холбоотой том тээврийн хэрэгсэлтэй жолооч болгон Гашуунсухайтад бөөгнөрсөн гэж ойлгож болно. Бид бол 5,700 хил нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна. Уртын тээвэр гүйцэтгэгч худалдан авагчтайгаа гэрээ байгуулаад шууд явж байгаа. Гэхдээ бид тээврийг хоосон талдаа явж байгаа, ачаатай талдаа явж байгаа, уурхайгаас ачигдсан, урд хил дээрээ буулгаж байгаа гэж ангилж тооцдог. Хилийн нэвтрэх чадвараас шалтгаалаад бид судалгаагаа гаргасан. 7,200 тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх зөвшөөрөл олгох ёстой гэдэг судалгаа байгаа. Гэхдээ бид одоогоор 5,700 зөвшөөрөл олгосон. Хил нэвтрэхгүй тээврийн хэрэгсэл албан ёсоор зөвшөөрөл авдаггүй.

Гүйцэтгэгч компанитайгаа гэрээ хийдэг. Энэ бүгдийн нийлүүлээд тооцохоор 12 мянган жолооч зайлшгүй уртын тээвэрт оролцоод байгаа юм” гэж хариулсан юм. Ямартай ч Гашуунсухайтын 230 гаруй километр авто замын байдал улам хүндэрсээр байна. Олон жил энэ талаар ярьж, шийдвэрлэх арга зам хайх гэсээр байтал сард нэг хүний амь эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай. “Нөхцөл байдал улам хүндэрсэн”, “Дордсон” гэсэн тодорхойлолтууд илтгэл бүрт давтагдсаар байлаа.

У.Сарангэрэл

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин