МАХН гэгч нэр 1921 оны Ардын хувьсгалын ач үрээр монгол түмний оюун санаа, хүч чадалд оршин байж, түүх бүтээж, хатуу хөтүүг хамт туулсан түүхэн нэр.

МАХН Монголын түүхэнд хараар биш цагаанаар бүтээлчээр оршиж байсан түүхэн нэр, их үйлс бүтээж монгол орондоо нийгэм журамтай эвсэг ёс тохинуулж, монгол хүнд уламжлал шинэчлэл, хэв ёс тогтоож, монгол хүн байхын утга учрыг мэдрүүлсэн улс төрийн ууган хүчний нэр. Бидний үед элэг бүтэн, мөр цагаан явуулж, хөдөлмөрч дайчин, эх оронч, эрэлхэг, эрдэмлэг сургаалиар жолоодсон түүхэн их өвийн нэр билээ. Тийм учраас Монголын түүхэнд МАХН гэдэг нэр ариун цагаан хөдөлмөр, ардач шударга ёс, алагчлалгүй хүн чанар тогтоож, хүн ардаа хуучин бурангуй ёсноос салгаж, монгол хүнээ бие бялдрын хувьд эрүүлжүүлэн өсгөсөн, тэр үеийн залуусаа боловсрол мэргэжилтэй болгосон, эх орондоо хамтын хөдөлмөрийн давуу талыг бодитоор бий болгож чадсан, хоршоолсон ард, эрдэм соёл мэргэшилтэй сэхээтэн, үйлдвэржсэн ажилчин ангийн давхаргын эх түүхийг бүтээж, улс төрийн ууган хүчний залуурдах үүрэг зангараг далайцыг харуулж чадсан монгол нэр мөн билээ. Монгол Улсаа дэлхийд таниулан, НҮБ-д тугаа мандуулж чадсан нам. Энэ нам монгол хүнээ сансарт нисгэж, оюунлаг ард түмнээ зөв чиглүүлсэн нам байлаа. Тийм түүх бүтээж гүйцэтгэсэн үүргээрээ нэрээ үлдээж чадсан улс төрийн ууган хүчний зууны монгол нэршил юм. Юм хувиргах, аливаа зүйлийг өөрчлөх бас "өмчлөх"-ийг нүдээр үзээд ийм эргэлзээт бодигал нийгэмд амьдарч ажиллаж байгаадаа бидний үеийнхэн харамсах сэтгэл төрдөг юм. Тийм болохоор МАХН-ын нэрийг луйвардан авч зах зээлийн улс төрийн амин хувийн хэрэгсэл болгосонд бид бас харамсдаг. МАХН энэ түүхэн үүргээ бүтэн 70 гаруй жил гүйцэтгэж, цаг үеийн шинэчлэлийн эргэлтээр анхны бөгөөд уламжлалт нэрээ эргүүлж авсан. Хувьсал шинэчлэлийн замд орсон долоон жилийн өмнөх нэгэн өдөр бидний үе МАХ Намаа архивт шидэж түүхэн үүргийг нь устгаж үгүйсгэн өөр нэгэн "зальт ертөнц"-д зээлдүүлэн өгч байна гэж огтхон ч ойлгоогүй юм. Харин ч МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл болсон МАН-ыг түүхэн үүднээс анхны нэрээ авч шинэчлэлийн замдаа эргэлт буцалтгүй орж байна гэж мэдэрч билээ. МАХН-ыг түүхийн архивт шилжүүлэн хаяж, гээж, хэн нэгэн энэ түүхэн нэрийг өөрийн хувь, албан тушаал, амбиц, ашиг хонжооны хэрэгсэл болгон ашиглана чинээ огт бодоогүй юм. МАХ Нам гэгч нэрийг монгол хүний оюун ухаанаас бүрмөсөн арчин хаяж, хэрэгцээгүй гэж үзэн "хогийн цэгт" хүргэж байна гэж огг бодоогүй ээ. Улс төрийн арчаагүй үзэлд автсан хэсэг бүлгийн ашиг хонжооны хэрэгсэл болгоно чинээ санаагүй ээ. Гэтэл бидний монголчуудын бүтээсэн нийгэм журамт хэв ёсны өнгөрсөн 70 жилийн хүнд хүчир атлаа бахархалт, бас алдаа оноо дүүрэн түүхийн их өв болсон МАХ Намыг ганцхан хүн хувьдаа өмчлөн өөртөө нааж, өөрийгөө дөвийлгөн магтах, тахин шүтүүлэх хэрэгсэл болгоно чинээ санаагүй билэз. Бас Монгол Улсын улс төрийн тавцанд бүтэн нэртэй, бүлээн зүстэй байсан улс төрийн ууган хүчнээ бүтэц, бүрэлдэхүүн зохион байгуулалтынх нь хувьд эвдлэн хоёр хувааж, хооронд нь талцуулна гэж бүр ч санаагүй юм. Энэ "гайт" үйлдлийг эргэн санавал МАХН (МАН)-ын мянга мянган гишүүн дэмжигчдийн гол горойж, сэтгэл хямарч, зүрх өвддөг нэгэн сэжим даамжран сэтгэл сэртхийлгэх болов. МАХН гэгч энэ агуу түүхэн нэрийг булааж авч эзэгнэсэн "эзний" удаа дараагийн их, бага чуулган хурал, Монгол Улсын бүх аймаг, хот дүүргийн иргэдийн өмнө хэлсэн үгнээс сонсоход улс төрийн хар заль ямар их гай лайг цацаж, ямар олон монгол хүний оюун ухаанд эргэлзээ авчирч, олон сайхан монгол хүн хуваагдал талцалд автуулж, тэр чанараараа улс эх орны эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн цаг хугацаанаас хэчнээн их зулгааж, оюуны "хулгай" хийж чадаж байгааг сонсч мэдрээд харамсахгүй байж чадсангүй. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө, хувь хүний улс төрийн өс санан албан тушаал, эрх ямбаны төлөө энэ гайхам түүхэн нэрийг луйвардан авч зах зээлд гарсныг мэдрээд бүр ч ихээр гайхширан харамсаж байна.

Бид өнгөрсөн долоон жилд хамтарч, эв эеээ зангидан нэгэн ухаан бодол, зорилго тэмүүллээр зүг чигээ хийн хамтын хүчээ зузаатган ажиллаж амьдарсан бол өнөөдрөөс илүү хөгжилд хүрч, монгол хүн ардын амьдрал ахуй үүнээс илүү өөдрөг болж, сөрөг хүчнээ сөрсөн шиг сөрж чадах байсан биш үү гэх харуусал хар аяндаа бууна. МАХН-ын нэрийг Намбарын Энхбаярт "зээлдүүлсэн" Монголын үнэний туйл Дээд шүүхэд ийм шийдвэр гаргах болсонд эргэлздэг, гайхдаг, харамсдаг. Өнөөгийн дээрэм маягийн нэр булаан зээлдэгч Монголын ард түмний цөөнхийн цөөнх хэсгийн улс төр ёс суртахууны хар хорсол тээгчдийн саяхан болсон чуулган гэгчээс төрсөн хувийн сэтгэгдлээ мэргэн уншигчидтайгаа, ахан дүүс, амин холбоо үзэл зорилго, үйл хэрэг хамт явсан МАН-МАХН-ын гишүүдтэйгээ хуваалцъя гэж бодов. Бидний энэ хуваагдалд миний ч буруу бас байгааг мэдэрдэг. Учир юунд гэвэл, Н.Энхбаярыг улс төрд орох гэж явахад нь хүчтэй дэмжигч нь, түүний тухайд сайн сурталч нь явсан нь яалт ч үгүй миний буруу гэж боддог. МАХН-ын чуулган гэгчид хэд хэдэн нөхөр өлбөгөр сул үгтэй, сунжирсан, хөгжлийн бодлого зангилаа зангараг харуулсан далайцгүй атлаа өрөөлийг байнга муулж баалсан, гүтгэж гүжирдсэн улигт үгээ сунжруулан хэлж, түүнийг аялдан дагалдагчдын амнаас ардчиллын замаар чигээ барин хөгжиж байгаа Монгол эх оронд "нэг хүнийг тахин шүтэж" түүний нэр үйлсийг магтаж мандуулан Н.Энхбаярын баригдсан, хоригдсон, алдсан бүхэн бусдын буруу гэх үзлийн дор болсон энэ чуулган гэгчийн алсын бодлого бүхэнд Н.Энхбаярын алсын хараа гэгчийг олж харсангүй, монгол түмнээ гэх улс төрийн хөгжлийн бодлогыг ч олж мэдэрсэнгүй ээ. Өөрөөр хэлбэл, тайлан тавьсан  үг хэлсэн хүн бүхэн, Н.Энхбаяр хэлсэн үгэн дотроо ч өөрийгөө хэт дөвийлгөсөн нь сонсоод нүд хиртэж, чих халууцаж байв. Энэ бол нэг хүнийг шинэ маягаар шүтэж байгаа ардчиллын үеийн нэгэн шинэ үзэгдэл юмуу гэж бодов. Энэ бол бидний хоцрогдол гэж бодогдов. Бид ийм зам хүсээгүй гэдгийг тодотгоё. Хайран сайхан түүхэн нэрийн цаана яйран муухай нэг хүнийг тахин шүтлэгийн шинэ маягийн хэлбэр нэвтэрч түүнд нь хорсол гомдол тээгч цөөвтөр хэсэг бүлэг аялдан дагалдаж яваад бүр ч их харамсав. Шинэчлэгдсэн, шинэ бодлогоор улс орноо өнгөрсөн зуунд авч явсан МАХН цаг үеийн ардчилал, хөгжлийн эрхээр 1921 оны анхны нэрээ эгүүлэн хэрэглэх болсон тэр үеэс МАХН-ын нэр түүхийг өөртөө нааж ганц хүний нам гэж олонд хэлэгдэх болсон энэ намын чуулган гэгч дээр хэлж тайлан тавьсан Н.Энхбаяртан нарын үгээс харахад монгол хүнээ хэтэрхий басамжлан өөрийнхөө алдааг дэндүү өмөөрч, амжилт ололтоо зөвхөн нэг хүнтэй холбож дөвийлгөн монгол түмний ёс суртахуунд шинэ төрлийн нэг хүнийг тахин шүтэж магтан дуулсан чуулган гэгчийг зохион байгуулж байгааг үзэж сонсоод гутрах, ичих, зэвүүцэх зэрэгцэж, тахин шүтэлтийн шинэ үнэр ханхалсныг нуух юун. Нэрэндээ зохицож, хуучин түүхээ үл мартан.монгол залуусаа араасаа дагуулж, бусдыг голох, гүтгэх, доош нь хийх үзлийг дэвэргэн хөөрөгдөхөө зогсоовол таарна гэх бодол санаа тээж яваа хүн олон байгааг нуугаад яах вэ. Бид ингэж өөрийн үзэл бодол, өс хонзон, эрх ашгийн төлөө, нэр булааж, наманцар болж, талцаж хуваагдаж нэгнээ элдвээр муулж, баалж хуваагдахын оронд үүх түүхээ санагалзаж, эв эеийг сахиж, эвлэрэн зохицож нэгдэн ажиллавал ямар вэ гэх үгээ (МАХН) МАН-ын тогоонд олон жил чанагдсан хүний хувьд хэлж хүсэмжлэн хүлээх л үлдэв.

 

Ц.ЯДАМСҮРЭН (МАХН МАН-ын ахмад гишүүн, сэтгүүлч)