Мөнгө хүүлэгч гишүүн Мал хүүлэгч болжээ. Ингэж хэлэхийн учир нь газраас мөнгө ургуулдаг авьяастай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн “Газар буудай” ХХК-ндаа 950 сая төгрөгийн зээл авсан гэх асуудал одоог хүртэл дуулиан тарьсаар л байна. Уг нь эрхэм гишүүн ЖДҮ-ээс зээл аваад байхаар тийм нэг ядарчихсан хүн биш.

Тэрбээр УИХ-ын гишүүд дотроо орлогоороо хоёрдугаарт жагсдаг гэдгийг түүний 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Тэрбээр Монгол Улс чөлөөт зах зээлд шилжихтэй зэрэгцэн хувийн компанитай болсон түүхтэй. Өнөөдөр түүний компаниуд дотоодын зах зээлд уул уурхай, газар тариалан, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймдээ олон нийт Ж.Энхбаяр гишүүний орлого газраас ундардаг хэмээн ёжилдог ч тэрбээр шуналаа барьж дийлээгүй бололтой.

Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл ил болж эхэллээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн 2017 онд ХХААХҮ-ийн яаманд ОХУ-аас ирсэн 150 ширхэг “Герфорд” үүлдрийн үхэрийг “Газар шим” компаниараа дамжуулан өөрийн болгоод амжжээ. Уг нь тухайн үед маш олон үхрийн фермер эрхэлдэг малчид энэхүү гадаад төслийг авах гэж хичээсэн ч энэ мэт эрх мэдэлтэй хүмүүс ямар шалгуур хангаж авсан нь хачирхалтай. Түүний үхрийн ферм нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрладаг байна. Албаны хүний ярьж буйгаар “Герфорд” үүлдрийн үхэр нь монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор авчирсан. Ж.Энхбаяр гишүүний эргэн төлөлт 2021 онд Мал хамгаалах сан дээр хийгдэнэ. Эргэн төлөлтөө хийхдээ тэрбээр мөнгө төлөхгүй мал чигээр нь тооцоо хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас авчирсан учраас мөнгөөр үхэр аваагүй гэдгийг хэлэх хэрэгтэй хэмээсэн юм.

Өнөөдөр зах зээлд нэг үхэр хэдэн төгрөгийн үнэтэй байдгийг мах иддэг Монголчууд биднээс асуултгүй сайн мэднэ. Тэгвэл эрхэм гишүүний үнэгүй авсан 150 ширхэг “Герфорд” үүлдрийн үхэр нэг нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэдгийг бид дараагийн дугаартаа мэдээлэх болно. Магадгүй Ж.Энхбаяр гишүүн өөрийгөө Монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор “Герфорд” үүлдрийн үхэрийг авсан гэж арьсаа хамгаалах л байх. Угаасаа улстөрчид “Бид ЖДҮ-ээс авсан зээлээ төлчихнө. Олон нийтээс уучлалт гуйх шаардлага байхгүй” хэмээн хээв нэг хэлсэн. Тэгэхээр Ж.Энхбаяр ярьдаг шигээ шударга улстөрч мөн үү гэвэл үгүй гэдэг нь батлагдлаа.

Тэрбээр надад ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл сонин биш байна гэж байнга тоть шиг давтдагийн цаана ямар том эрх ашиг нуугдаж буйг өнгөрсөн хугацаанд хийсэн түүний үйлдлүүд гэрчилж байна. Тиймээс Ж.Энхбаярыг Монголоо хөгжүүлэх гэж санаа оноогоо чилээж байна гэж бүү эндүүрээрэй гэж хэлэх байна.

Р.Саруул

http://erennews.mn