Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайланг хүргэж байна.

12 дугаар сард батлагдсан хуулиар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсвийг 50,608.6 сая төгрөгөөр, дотоодын эх үүсвэрээс олгосон зээлийн эргэн төлөлтийг 52,000.0 сая төгрөгөөр тус тус баталсан байна.

Тайлант онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсвийн гүйцэтгэлийн тайлангаар батлагдсан төсвийг 38.2 сая төгрөгөөр хэмнэлттэй зарцуулж, үндсэн үйл ажиллагааны орлогоор 30,714.0 сая төгрөг, урьд оны үлдэгдлээс 19,846.0 сая төгрөгийн орлогыг тус тус олсон байна.

АУДИТЫН ЯВЦАД ИЛРҮҮЛСЭН АЛДАА, ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ, ГАРГАСАН ШИЙДЭЛ

Санхүүгийн тайлангийн талаар 1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2017 оны санхүүгийн тайлангийн тэмдэглэл, тодруулга бэлтгэж ирүүлээгүй байгаа нь Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Санхүүгийн тайлангийн бүтэц тайлангийн тэмдэглэл, тодруулгаас бүрдэнэ гэсэн заалт, аудитын “Үнэн зөв байдал” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгасан нийт зээлийн авлагаас 2009-2016 онд 87 зээлдэгчид олгосон 19,732.6 сая төгрөгийн зээлийн авлагыг шүүхээр шийдвэрлүүлж тайлант хугацаанд тус санд 187.3 сая төгрөгийг эргэн төвлөрүүлсэн байна. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн төлбөрт шилжүүлэн өгөх саналын дагуу “Эн Ви Си” ХХК-наас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэснийг хүлээн авч, хөрөнгийг тус сан эргэлтийн хөрөнгөнд бүртгээгүй байна. Энэ нь аудитын “Оршин байх” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

Төсөл сонгон шалгаруулалтын талаар 1.ЗГ-ын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 онд олгох 35,000.0 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгажээ. Гэвч тус сайдын 2016 оны 12 дугаар сарын А/62 дугаар тушаалын дагуу 83 иргэн, аж ахуйн нэгжид 39,615.4 сая төгрөгийг тус сангийн 2016 онд батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгосон нь дээрх Засгийн газрын тогтоолыг зөрчиж санхүүжилтийг 4,615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалт, аудитын “Тохиолдсон байх”, “Толилуулга ба тодруулга” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

2. 2.Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдааны шийдвэрээр нийт 212 төслийг шалгаруулжээ. Дээрх төсөл сонгон шалгаруулалтыг нэг бүрчлэн үзэхэд зарим зээлдэгч нарын зээл хүсэгчийн төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй, баримтын бүрдэл дутуу, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тодорхойлолтгүй, барьцаа хөрөнгө нь аль нэг этгээдийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн /итгэмжлэл байхгүй/ сонгон шалгаруулсан нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын 4 дүгээр зүйлд заасан “Зээл хүсэгчийн төсөлд тавигдах шаардлага”-ыг зөрчсөн байна.

3.ЖДҮХС-гийн захирлын 2016 оны 12 дугаар сарын А/18 дугаар тушаалаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцаа хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байна. Тус “Үнэлгээний аргачлал” нь ямар эрх зүйн актыг үндэслэсэн нь тодорхойгүй, зарим зээлдэгч нарын барьцааны гэрээнд уг аргачлалаар тодорхойлоогүй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, зээлийн дүнгээс доогуур хөрөнгө барьцаалсан, улсын бүртгэлийн ерөнхий газраар баталгаажуулаагүй зарим хөрөнгийн барьцааны гэрээ байхгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

4.“Их модун” ХХК-д 2013 онд 620.0 сая төгрөгийн зээлийг олгосон боловч тус компани зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байхад 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосноос тухайн компанийн зээл найдваргүйд тооцогдож хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байна.

Авлагын талаар 1.ЖДҮХС-гийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 2009 оноос хойш олгосон Арилжааны банкнаас авах зээлийн авлага, Ахуй үйлчилгээний төв болон бөөний худалдааны зээл, Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо, Сүү төслийн болон Түүхий эдийн төв байгуулах, Хөдөлмөрийн сайд /хуучнаар/, Хүнс, хөдөө аж ахуйн сайд /хуучнаар/-уудын тушаалуудаар олгосон зээл зэрэг нийт 274,025.7 сая төгрөгийн авлага тусгагдсаны 2.6 хувь буюу 7,024.3 сая төгрөгийн авлага болон зээлийн хүүгийн үлдэгдэлд тооцоо нийлээгүй байна. Энэ нь Ерөнхий нягтлан бодогчийн үүргийг НББийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, 20.2.6-д “Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, аудитын “Оршин байх” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

2. 2013 оноос хойш олгосон 330 зээлдэгчийн гэрээнд тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 онд төлөх 54 зээлдэгчийн 1,441.2 сая төгрөгийн үндсэн зээл, 135 зээлдэгчийн 343.5 сая төгрөгийн хүүгийн төлбөр тус тус төлөгдөөгүй байна. Энэ нь НББ-ийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д заасан “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, аудитын “Оршин байх” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

3.Зээл болон зээлийн хүүгийн, бусад тооцооны авлага зэрэг нийт 274,025.7 сая төгрөгийн авлагын 7.4 хувь буюу 20,273.9 сая төгрөгийн авлага шүүхээр шийдвэрлэгдэж байгаа боловч зээлийн төлөх хугацаа нь дууссан, зээлээ төлөөгүй 2,377.6 сая төгрөгийн 22 зээлдэгчийн авлагыг барагдуулах талаар хуулийн байгууллагаар шийдвэрлүүлээгүй, авлагыг барагдуулаагүй байна. Энэ нь НББ-ийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-т заасан “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, аудитын “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

4.Зээл төлөгдөөгүй байтал “Их буянт цагаан эсгий” хоршоо болон иргэн Д.Одэрдэнэ нарын 7.2 сая төгрөгийн зээлийн авлагыг барагдуулснаар санхүүгийн тайланд тусгасан байна. Энэ нь НББ-ийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь аудитын “Иж бүрэн байх” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

5.Анхан шатны баримтын бүрдэлгүй, юуны авлага болох нь тодорхойгүй нийт 118.1 сая төгрөгийн авлагыг санхүүгийн тайланд тусгасан байна. Энэ нь НББ-ийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, аудитын “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

6.Тус сан тайлант оны санхүүгийн тайланд 56 зээлдэгчийн 1,181.8 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг тусгаагүй байна. Энэ нь НББ-ийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-т заасан “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, аудитын “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

7.ЖДҮХС-гийн 2017 оны санхүүгийн тайланд тусгасан нийт 667.6 сая төгрөгийн зээлийн авлагын хүүг зээл олгох гэрээ байгуулсан өдрөөс эхлэн зээл төлөгдөх нийт хугацаагаар буюу 5 жилийн хүүгийн авлагыг тооцож бүртгэсэн нь НББ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь аудитын “Хэмжилт” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

8.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн нэгдсэн програм байхгүй “excel” програмаар тооцооллыг гүйцэтгэж байгаа нь зээлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулж байна.

 

ЖДҮХС-ийн холбогдох албан тушаалтнууд зээлийн эргэн төлөлт болон хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах, зээлийн эргэн төлөлтийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй, зээлийн нэгдсэн програм байхгүй, “exсel” програмаар зээлийн тооцоог бүртгэж байгаа нь зээлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулж, санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдэх эрсдэлийг үүсгэж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 18,762.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсний 2,973.7 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага өгч, 15,789.0 сая төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах талаар зөвлөмж өгсөн байна. Улмаао 2017 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт нь  СӨРӨГ САНАЛ ДҮГНЭЛТТЭЙ гарсан байна.