Ажлаа бүтээхийн тулд төрийн албан хаагчид хахууль өгөх тохиолдол гардаг нь нууц биш. Тэгвэл Баян-Өлгий аймагт иргэн  Х.Х нь өөрийн хүү Х.Кт давуу байдал бий болгож ажилд оруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн ажилтан, дэслэгч Ч.Цийн албан өрөөнд орж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ

Х.Х нь Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суудаг аж.

Түүний хүү Х.К нь Онцгой байдлын албанд ажилд орох хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд оролцож бие бялдарын шалгалтанд тэнцээгүй аж. Тиймээс Х.Х нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн ажилтан, дэслэгч Ч.Цийн өрөөнд орж ХСИС-д ахлагчийн курст явуулахын тулд нэг сая төгрөгийн хахууль өгсөн байна.  

Энэ талаар Онцгой байдлын алба хаагч мөрдөн байцаалтын үед:  “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 30 минутын үед ажил дээр өрөөндөө сууж байхад Кенжебек гэх хүүхдийн аав нь орж ирсэн. ...Х шууд миний өрөөнд орж ирээд мэнд ус болоод миний сууж байсан ширээний урд байгаа сандалд сууж байснаа миний ширээн дээр байсан цэнхэр өнгийн номыг гартаа барьж аваад “Энэ ямар гоё ном бэ” гэж хэлэнгүүтээ зүүн талын энгэрээсээ цагаан өнгийн цаасан дугтуй гаргаж ирээд номонд хийх шиг болсон. Би тэр үеийг нь нүдээрээ харсан. Тэгэнгүүт би Хд та ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгэх үед Х надад “Ах нь ийш тийш ярихгүй. Хүүхдийг минь тэнцүүлж өгвөл боллоо” гэж хэлэхэд би “Та ингэж болохгүй” гэж хэлэхэд Х юм ярилгүйгээр шууд гараад явсан. ...Даргад мэдэгдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Хүүхдийг шалгалтанд тэнцүүлж, Улаанбаатар хотын Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн курст явуулж өгөөч гэж хэлээд дугтуйтай мөнгө үлдээсэн.” Гэж мэдүүлжээ.

Хахууль өгөхийг оролдсон энэ үйлдлийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн ажилтан, дэслэгч Ч.Ц удирдлагадаа мэдэгдэж, улмаар цагдаагийн байгууллагад хандсан байна.  

Хэргийг хуулийн дагуу мөрдөн шалгахад Х.Х нь хахууль өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар яллах дүгнэлттэйгээр хэргийг Баян-Өлгийн аймгийн сум дундын анхан үатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Х.Х нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.

Тиймээс иргэн та бусдад хахууль өгч ажлаа бүтээх нь гэмт хэрэг гэдгийг санаж ийм үйлдэл хийхгүй байх, төрийн албан хаагч хахуулий мөнгө нэхэх юм хуулийн байгууллагад хандах учиртайг анхаарна уу.