Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт "Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал эхлэх гэж байна.

Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Т.Лхагвасүрэн , талийгаач охины ээж С.Баясгалан, иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцохоор болжээ.

 

Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх аж. Шүүх хуралд мөн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирээд байгаа аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад, 2017 оны наймдугаар сарын 23-нд "Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу 2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12.44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалт хийхэд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь нас барсан байдалтай олдсон байна. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй.