Нэр бүхий 27 гишүүн Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлснээр сүүлийн үед хүйтэн өвөл халуун улс төр өрнөж байна.

Хэдийгээр 27 гишүүн гарын үсэг зурсан ч чуулганы хуралдаанд Засгийг огцруулахаар нэмж кноп дарах, Засгийг хамгаалахаас бултаж хуралд оролцохгүй байх гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Тэгвэл тэдний дотоод зөрчил Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын мэдэгдлээс болж улам гүнзгийрчээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаан эхлэхийн өмнө дээрх гишүүд АН-ын гишүүд болох Л.Болд, Ж.Батзандан нартай хамт УИХ-ын даргыг огцруулахаар 40 гишүүн гарын үсэг зурсан, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн нь гишүүдийг эгдүүцлийг хүргэсэн байна.

 

Угтаа Л.Оюун-Эрдэнэ гишүүний бланк дээр 40 биш 32 гишүүн М.Энхболдыг огцруулах асуудлаар бус, М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан асуудлаар хурал удирдах нь зохимжгүй гэсэн байр сууринаас гарын үсэг зурсан аж. Гэтэл эдгээр гишүүдийн байр суурийг зориудаар мушгин гуйвуулж УИХ-ын даргыг огцруулна гэж мэдэгдсэнд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан гэх мэт хашир гишүүд маш их уурласан гэнэ.

 

“Чи МАНАН-тай тэмцэнэ гээд АН-ын гишүүдтэй хамт шинэ МАНАН татуулаад мэдэгдэл хийж байдаг чинь ямар учиртай юм”, “Гишүүдийн гарын үсгийг өөрийнхөө улс төрийн тоглолтод ашиглаж, хууран мэхэллээ. Ийм уйваагүй байж болохгүй. Биднийг шившигт хутгалаа. 40 гишүүн чуулганд оролцохгүй гэж мэдэгдээд удаагүй байхад чинь чуулган нээгээд явчихлаа. Яах гэж ийм хачин юм хийдэг юм” гэх мэтээр тэдний дунд нэлээд ширүүн яриа болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. У.Хүрэлсүхийн танхимаас Ц.Цогзолмаа Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн бол Ц.Нямдорж “Заваан засгаас чинь гарна” гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Ийнхүү Ч.Хүрэлсүхийг тойрон хүрээлсэн гишүүдийн хагарал улам гүнзгийрч У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нь өдрөөс өдөрт тодорхой болсоор байна.

Ч.Явуухүү

sonin.mn