Уг нь Иргэний Зориг Ногоон Нам гэдэг байгаль орчин хамгаалдаг хэмээх намаас гарч ирсэн С.Оюун хэмээх эмэгтэй хүнээр Монгол улс байгаль орчноо хамгаалуулж салбарынхаа сайдаар тохоон томилсон байдаг.

Гэвч энэ сайд хайр даасангүй, байгаль орчноо эмэгтэй хүний нинжин сэтгэлээр энэрсэнгүй, ногоон хөгжлийн тухайд бол санахын ч хэрэг алга. Учир юу вэ? Хэмээвээс 2014 оны ойн сан ашиглах, модны аж ахуй гэсэн “эвтэйхэн нэртэй” эрлэг компаниудад ой огтлох зөвшөөрлийг энэ жил ёстой “тултал” олгосон байна.

Хэдийнээ модоо бараад байгаа Монгол улсын модтой ганцхан аймаг Сэлэнгэд гэхэд л нарсгүй болсон Мандал суманд 8,000 м3 үйлдвэрийн зориулалттай үндсэн огтолгооны зөвшөөрөл, Монголын уушиг болсон Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэхэд л 10,000 м3 хол илүү мөн адил огтлох зөвшөөрөл өгч Монголын ой модонд аюулын харанга дэлдэж эхэллээ.

Тоо бодоод үзье!

10м3 модыг ЗиЛ 130 машин 1 удаагийн зөөлтөөр Улаанбаатар хотруу ачаад явлаа гэхэд л энэ жилдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 8,000 ЗиЛ мод, Ерөө сумаас 1,000 тэвш идэр залуу ид үедээ яваа залуухан нарсыг 5см зузаантайгаар огтлоод зөөнө гэсэн үг. Монголд мод үлдэх үү?

Энд айл өрх, албан байгууллагын хэрэглээний “гоожин” хэмээх түлээ, Ой цэвэрлэгээний унасан, навсарсан, өмхөрсөн гишүү оруулалгүйгээр зөвхөн үйлдвэр, барилгад ашиглах алдарт Цайз, Гурвалжин, Хангай захуудад тэвхийтэл хураалттай байдаг банз, элдэв зүсмэлүүд, гуалингуудын тухай өгүүлж байгааг уншигч та бүхэн магадгүй уншаад сууж буй С.Оюун сайдтан бэлэхнээ ойлгож буй бизээ.

Шинэчлэлийн хэмээх Засгийн газрын шинэ бодлго ойгоо хядах нэн тэргүүний зорилттой байгааг энэхүү олгосон зөвшөөрлүүдээс харж болж байгаа бөгөөд нэн даруй арга хэмжээ авч Монголын мод, ойн санг хайрлан хамгаалж утга учиргүй их огтолгоо хийхийн оронд арай өөр арга сэдэж олохгүй бол эрхэм сайд С.Оюуныг огцруул хэмээн шаардах “Ногоон хөгжилтөн”-үүдийн их эсэргүүцэл ардын тэмцэл болон өрнөхийг үгүй гэх газаргүй боллоо.

Өнөөдөр зах зээл дээр ОХУ-аас оруулж ирж байгаа мод Монголын бэлтгэж байгаа модны үнэтэй эн чацуу байж чанар стандартын хувьд Монголд бүү хэл Хятадын зах зээлийг хөнгөхөн хангаж байхад Монгол улсын нийт газар нутгийн 6% ийг хүрэхтэй үгүйтэй байгаа жаахан хэдхэн модоо ингэж хайр найргүй огтлож ирээдүй хойч үедээ нүцгэн шороо үлдээх цэвдэг сэтгэлтэн төрийн яаманд залран байгаад харамсах сэтгэл төрөхгүй байхын аргагүй билээ.

Өглөө орой өдөр шөнөгүй зөөх хулгайн модыг яах вэ хэмээн тархиа гашилгаж байгаа Монголын Ногоонтонууд, Ой мод байгаль дэлхийгээ хамгаалагчид Монгол улсын засгийн газартай тэмцэх үү? Эс бөгөөс Засгийн бодлогыг гажуудуулж байгаа эрхэм сайдтай тэмцэхүү хэмээн уураа барж суугааг нуух юун билээ.

Одоохон нэн даруй гаргасан шийдвэрээ цуцлаж хөрөө, рам хангинуулсан хүчит техникээр түрсэн модны эрлэг компаниудад өгсөн асар их хэмжээний “үйлдвэрийн үндсэн огтолгоо хийнэ” гэсэн дайчдаа нэн даруй татаж авахыг Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдаас шаардах нь Монгол хүн бүрийн үүрэг болоод байна.

Хадагтай сайд таны ийнхүү Монголын ой мод, амьд баялагаа хайрлахгүй байгаагийн шалтгаанийг ухаад ойлгохгүй байгаа тул үүнд тайлбар хүсэхийн ялдамд эс бөгөөс энэхүү үйлдлийг тань таны орос гаралтай холбож ойлгохоор байгааг уламжлая.

Сонгуулийн үеэр ард түмэндээ хайртай дуртайгаа амлан уйлан хайлан хамаг бүх авъяасаа гарган цурхирчаад эрх мэдэл сандал суудалд тухалмагцаа эх оронруугаа, байгаль дэлхийрүүгээ халдан довтлож буй үйлдлээ нэн даруй зогсоож ахин хянан үзэх нь ирээдүй хойчоо бодсон ч гэсэн ирэх сонгуулиа эрэгцүүлсэн ч гэсэн эрхэм сайдтанд их тус болох буйзаа.