“ Баас хатавч ѳмхийгээ тавихгүй” гэдэг хэллэгээр Монголын Тѳр бүхэлдээ ѳмхийрчээ. Тэр үнэрэнд нь дургүйцсэн монголчууд уурлан хилэгнэж байна. Хэн нэгэн гэрт нь орж ирээд бааж орхивол хэн ч уурлана шүү дээ.

ЖДҮ ийн залилангийн асуудал, зээлээ тѳлж ядаж байгаа хүн болгоны дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн хэрэг. Тѳрѳѳс жилийн 3 % ийн хүүтэй зээл аваад, ард олонд жилийн 30 % ийн хүүтэй зээлдүүлбэл хэний ч дургүй хүрнэ дээ. Улстѳрчид Монголын Тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалыг “бизнес” болгон хувиргасны улмаас бий болж буй залилан, луйврын жишээнүүд олон жил ужигарсаар яригдсаар атал “мэдсэн ч мэдээгүй юм шиг”, “сонссон ч сонсоогүй “явсан бид, “хорхой биед нь хүрэхээр атирдаг” шиг “атирч” эхлэв. Бид одоо л “энэ чинь юу болж байнаа” хэмээн дуу алдаж, нүдээ нээж, бодолдоо эргэцүүлж эхлэв. Улстѳрчдийг “шударга”, “шударга бус” хэмээн ангилж, талцан маргалдаж байна. Бид мѳнгѳѳр сонгож, зусардлаар давруулсан тэд, бидний бүтээсэн “бүтээлүүд” юм шүү дээ. Тэднийг ингэж ангилж болно.

1.Насаараа улстѳрд суусан хэрнээ юу ч хийгээгүй, юу ч хийж чадахгүй “амьтад”

2.Улстѳргүйгээр амьдарч чадахгүй, улстѳрѳѳс зайлуулагдвал шоронд суух ёстой “новшнууд”

3.Ѳѳрийгѳѳ бүхнийг мэдэгч гэж бодож, ѳрѳѳл бусдыг загнаж дарамтлах атлаа ѳѳрѳѳ хэзээ ч шударга байж үзээгүй “чалчигчид”

4.Бусдын ѳмнѳ шударга ёсыг тунхаглах атлаа бусдаас далдуур шударга бусыг үйлддэг “зальтангууд”

5.Улстѳрийн ямар ч мэдлэггүй, ѳѳрийн ёс суртахуунгүй атлаа улстѳрийг тоглоом болгодог “алиалагчид”

6.Хэн нэгний цүнхийг барьж гүйсээр улстѳрд орж ирсэн, юугаа ч мэдэхгүй “мангар бацаанууд”

7.Улстѳрийн бохир шаварт хѳлѳѳ дүрчихээд түүнийг арилгах гэж мунгинан “санаа нь байвч, сачий нь хүрэхгүй” яваа “уймрагчид”

Хэдийгээр НАМ гэж хашгиралдавч, ѳчүүхэн шуналын тѳлѳѳ ѳѳр хоорондоо хуйвалдан авч, хуваан завшигч тэднийг доорх эрх ашиг нэгтгэж байгаа.

-Aль нэгэн салбар болон Яамдын бодлого, тогтвортой хѳгжил гэхээсээ тухайн салбар Яамдад хуваарилсан тѳсѳв болон тендэрийг хуйвалдан авч хувааж завших хүсэл

-Гадаадын зээл тусламжийн талаарх мэдээллийг хамгийн түрүүнд олж мэдсэн давуу талаа ашиглан тендэрийг хуйвалдан авч, хувааж завших хүсэл

-Эдийн засгийг сэргээх, бизнесийн хѳгжлийг дэмжих нэрээр БОНД босгож, бондын мѳнгийг хуйвалдан авч, хувааж завших хүсэл

-Гадаадын зээл тусламж хориглогдох тусам дотоодоосоо мѳнгѳ босгох зорилгоор “олон улсын” нэртэй элдэв арга хэмжээ \АСЕМ\ санаачилж, тѳсвийг нь хуйвалдан авч хувааж завших хүсэл

-Хууль тогтоох эрх мэдлээ ашиглан ѳѳрсѳддѳѳ мѳнгѳ хуваарилуулж түүнийгээ хяналтгүй дур зоргоороо зарцуулах хүсэл

-Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх эрх мэдлээ ашиглан аль нэгэн Банк болон бизнесийн салбрыг дампууруулан хуйвалдан авч хувааж завших хүсэл

-Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх эрх мэдлээ ашиглан ѳѳрсдийн бизнес хийгээд хамтарсан бизнесийнхээ хѳгжилд давуу тал олгох хэлбрээр монополь тогтоох хүсэл

 

Юм үзээгүй “Дэмбэрэлүүд”-эд эрх мэдэл ѳгѳх ийм аюултай. Шударга ёсны тѳлѳѳх гэнэн мѳрѳѳдлѳѳ мѳнгѳѳр арилжихаад “Айсандаа адуу хѳѳж, ичсэндээ хүн алах”- ын наагуур солиордог болчихож тэд. Буруу булхай нь илрэхээрээ “Дүүрсэн хэрэг дүрээд үхье” гэж дайрдаг болчихож тэд.

Адгийн шуналаасаа болж амаа үдүүлчихээд аргаа барахаараа “Ах аа намайг бодоорой” гэж гонгинодог болчихож тэд. “Баас хатавч ѳмхийгѳѳ тавихгүй” гэдгээр тэд мѳхѳтлѳѳ бас гэгээртлээ их уднаа. Ѳнѳѳгийн улстѳрчидийн ихэнхи нь энэ бохир ѳмхий намагт хутгалдчихсан болохоор тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй дээ.

Бид харааж зүхэхээс илүүтэй хариуцлага шаардаж, буруутай тэднийг шийтгэх ёстой.

Монгол Улсын Ерѳнхийлэгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нараас эхлүүлээд, Ерѳнхий сайд асан С.Баяр, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хүртэл шалгаж үнэнийг тогтоох хэрэгтэй. Нурж унах гээд байгаа Монголын Тѳрийн ѳмхийрч гажуудсан тогтолцоог бий болгоход тэд багагүй үүрэг гүйцэтгэсэн хэмээн би лав хардаж байна.

Хэрвээ Монголд улстѳрийн энэ ялзралаас салж шударга ёсыг тогтооё гэвэл ѳнѳѳгийн Ерѳнхийлэгч Х.Баттулга, Ерѳнхий сайд У. Хүрэлсүх нар ѳѳрсдѳѳ ч олон нийтийн хардлагыг “мухарлах” ёстой. Заваан шавар дотор хѳлѳѳ дүрсэн нь үнэн бол олон нийтээс уучлал хүсэн алдаагаа засч, шударга зам руу явж болно.

Эс тэгвээс “ноход нохдоо ноцсоор” байх болно доо.

Mонголчууд бид “Шударга ёс”, “Үнэн”-ий талаар ярьж тэмцэж эхэллээ. Энэ сайн хэрэг шүү. Гэхдээ бид буруутанг үргэлж “Дутуу алсан могой” шиг орхисоор иржээ. Хамгийн гол нь бид, буруутай нь нотлогдвол, Монголын Тѳрийн эрх мэдлийг ашиглан хууль бусаар олж авсан бүх хѳрѳнгийг заавал хурааж “Улсын ѳмч” болгох ёстой. Эс тэгвэл 15 сая ам долларын хулгай хийж шоронд 8 жил суучихаад гарч ирээд үлдсэн амьдралаа тансаг ѳнгѳрѳѳдѳг “дархлагдсан” хулгайчидтай болно гэсэн үг. Тийм ашигтай бизнесээс хэн татгалзах билээ. Яг үнэндээ ЖДҮ ийн асуудлаас гадна “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт, “АСЕМ”- ийн зарцуулалт, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн үйлдвэр болон Банкуудтай холбоотой асуудлууд биднийг “цус харвуулах” дѳхнѳ дѳѳ. Цѳмѳѳрѳѳ тэвчээртэй ухаантай байдаг юм шүү дээ.

Би лав элгээрээ газарт нь унаж, элгээрээ хѳрсѳнд нь шингэх хувьтай Монгол орны иргэн нь болсон хувь заяандаа талархдаг. Дэлхийг чимээлсэн аугаа түүхтэй Монголын ѳнѳѳдрийн тусгаар оршихуйд сүсэлдэг. Ѳнѳѳдѳр амаргүй мэт санагдавч маргаашийн ѳдѳр мандан бадрах хувь заяанд итгэдэг. Зүгээр л амаргүй энэхэн хугацааг ухаантай давж гарах нь монголчууд бидний үүрэг. Чухам үүнд л монгол хүн болгоны оролцоо хамгийн чухал. Бидний сонголт Монголын Тѳрийг тогтоодог болохоор 2020 онд эрүүл саруул сонголт хийх хэрэгтэй болж байна даа. Монголчууд биднийг мѳнх хѳх тэнгэр ивээж тэтгэг.

                             Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах