УИХ дахь МАН-ын бүлгийн 35 гишүүн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж, мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ч.Улаан, М.Оюунчимэг нар мэдээлэл хийв.

Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн,“Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх томилогдохдоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, нийгэмд шударга ёсыг тогтоох, улсын хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар тодорхой зорилт тавьж, түүнийгээ чуулганд танилцуулсан. Энэ зорилтоо ч хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүргэсэн. Энэ үзүүлэлт ирэх онд өсч, 8-12 хувьд хүрэх төлөв харагдаж байгаа. Засгийн газраас Газрын тос боловруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл зэрэг бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Иргэдийн зүгээс төр, нийгэмд шударга ёс тогтоохыг иргэд шаардаж, Ерөнхий сайд ч шударга ёсыг тогтоох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин МАН-ын 35 гишүүн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай өрнүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж, мэдэгдэл гаргасан” хэмээв.

Уг мэдэгдэлд, “Засгийн газрыг огцруулах нь бүтээн байгуулалтыг саатуулах, нийгэмд шударга ёсыг тогтоох ажлын эрч хүчийг сулруулж,  улс оронд эдийн засгийн хямралт байдал бий болгох эрсдэлтэй хэмээн үзэж байна. Иймд Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, сахилга, хариуцлагыг чангатгаж, шударга ёсыг тогтоож, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхыг УИХ-ын гишүүддээ уриалж байна” гэжээ.

Ч.Улаан гишүүн, “Иргэдийн дийлэнх нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зөв гэж үзэж байгаа. Тиймээс иргэдийн хүсэл зоригийн дагуу Засгийн газрыг тогтвортой ажиллуулах мэдэгдэлд гарын үсэг зурлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт дурьдсан 7 үндэслэлийн зарим асуудал тодорхой шийдэлд хүрч байгаа. Тухайлбал, Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан хоригийг УИХ хэлэлцэээд, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрт шаардагдах хөрөнгийг 2018 болон 2019 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх болсон. Нөгөөтэйгүүр, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах шаардлагагүй хэмээн үзэж байна” гэв.