УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая завсарлалаа.  Хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асуулт,  Ерөнхий сайдын хариулт анхаарал татаж  байсан юм. Тухайлбал, 

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮ-гээс зээл авах нь байдаг л бизнесийн зарчим. Энэ асуудал нь 2018 оны төсөв батлагдсны дараа танай Засгийн газрын хэд, хэдэн сайд нар зохион байгуулалттай зээл авсан асуудал байна. Та Ерөний сайд болохдоо нэг зүйлийг хэлж байсан. Хууль бус зүйл битгий шаардаарай гэж. Би танаас хууль биелүүлэхийг л шаардаж байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил үүссэн. Адаглаад л зээлээ эргэн төлж байгаа энэхүү үйлдлээ нотолж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байна вэ. Санал хураах болоогүй байна. Оройхон хураах биз. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь хэн бэ. Нэрсийг нь сонсмоор байна. Энд би хамрагддаг уу, тийм бол яагаад вэ" гэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Та бол гучин гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суврагын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суврагыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд 3 сая байгаа шүү. Энэ утгаараа та гучин гэр бүлийн нэг мөн. Эх орондоо хайртай хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа бол та Цагаан суврагаа улсад буцааж өгөөд Улсын үйлдвэрийн газар байгуулчих. Би та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа юм. Тийм учраас надад хүндрэл бэрхшээл учирч байна. У.Хүрэлсүх гэж нөхөд намын дарга, Ерөнхий сайд хийгээд явбал эрх ашгийн пирамид нурах учраас та нар амь тэмцэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар 27 хүн дотор Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлж авсан хүмүүс зогсож байгаа шүү. Зургийг нь сайн хараад аваарай. Би ард түмэндээ хандаж хэлж байгаа юм шүү.ЖДҮ санг Засгийн газар өөрөө шалгасан. Та сайндаа илрүүлсэн юм биш. ХХААХҮ-ийн сайдыг гурван удаа дуудаж ирж, энэ зээлийн санг хянахыг үүрэг болгосон. Ерөнхий сайд бүх сан руу орж чадахгүй та ч мэднэ. Салбарын сайд маань хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Ер нь цаашдаа Их хурлын гишүүд манай танхимын сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай" хэмээн хариуллаа.