Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралд оролцогчдын 54.8 хувь нь огцруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. 

Тодруулбал, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцох ёстой 75 гишүүнээс 73 нь оролцож, тэдний 53 нь байр сууриа илэрхийлсэн юм. Улмаар Засийн газрыг огцруулахыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад гишүүдийн 33 нь буюу 45.2 хувь нь огцруулахыг дэмжсэн бол, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзснаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхтэйгээ үлдсэн билээ. Тэгвэл "Намаа цэвэрлэнэ", "Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ" гэдгээ удаа дараа илэрхийлээд буй Ерөнхий сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгджээ. 

У.Хүрэлсүх: Төрийн тогтворгүй байдал үүсч, удаан хугацаанд ард түмнийхээ сэтгэлийг түгшээсэн явдалд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэдээсээ уучлал хүсч байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы үеэр миний алдаа дутагдлыг ил тод хэлж, үнэтэй зөвлөгөө өгсөн шударга улстөрчдөд талархаж байна.

Би төгс хүн биш ээ, надад алдаа бий, оноо ч бий. Итгэл хүлээлгэсэн ард түмэнтэйгээ хамт шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэхээ эр хүний ёсоор амлаж байна. Шударга бустай тэмцэх бидний замд олон бэрхшээл таарна, тэр болгоныг хамтдаа даван туулна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ" гэжээ...