Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар, ялангуяа баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангаран улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Өнөөдрийн /2018.12.01/ 11.00 цагийн байдлаар Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхөөн-Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн авто замуудын дагуу бага зэрэг салхитай байгаа ч зам даваа саадгүй байна. Харин 12.00 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн бүх чиглэлийн замд шороон шуургатай байна. 

Орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Увс: А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн авто замд салхитай байна. А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замд хүчтэй шороон болон цасан шуургатай байна. А16 дугаартай Улаангом-үүрэг Цагаан нуур чиглэлд хүчтэй шороон болон цасан шуургатай, зам даваа саадгүй, Шуурхай алба бэлэн байдалд ажиллаж байна. А18 дугаартай Наранбулаг, Сонгино, Нөмрөг чиглэлд 0-60км-т хүчтэй салхитай, 60км-ээс хойш үүлэрхэг байна. Зам даваа саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна.Увс аймгийн ихэнх нутгаар арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангаран улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Увс аймгийн төв Улаангом хот, бусад сумдаас гадагш гарах автозамын хөдөлгөөнийг 2018.11.30-ны өдрөөс 2018.12.02-ний 08.00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарласан байгаа. 

Ховд: А14 дугаартай Ховд булган-Удсын хил чиглэлд Бага улаан даваа шуургатай байна. А0305 дугаартай Ховд-Өлгий чиглийн Хашаатын даваан дээр шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. 

Баян-Өлгий: А0306 Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн даваан дээр шуургатай байна. Бүх чиглэлд салхитай шороон болон явган, уулаараа цасан шуургатай байна.

Говь-Алтай: А0304 Алтай-Ховд чиглэлийн замд тэнгэр бүрхэг шороон шуургатай байна.

Завхан: А0603 Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг, А1102 дугаартай Мөрөн –Улиастай чиглэлд, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлд, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Улаангом, Нөмрөг-Баянтэс –Улсын хил чиглэлийн замд үүлэрхэг цас орж эхэлсэн, салхитай даваа бүх чиглэлдээ саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн зорчиж байна. 

Харин Төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар цаг агаар тогтуун үүлэрхэг бага зэргийн салхитай зам даваа саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна. Цаашдаа цаг агаар арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл муудах тул хүчтэй шуурганы улмаас цахилгаан тасарч болзошгүй. Иймд шатахуунаа нөөцөлж, шаардлагатай үед бэлэн байдалд ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.