Төрүүлсэн үрээ эмнэлэгт эсвэл айлын хашаанд орхих тохиолдол мэр сэр гардаг. Эх хүнээс гарамгүй энэ үйлдлийн улмаас эх, хүүхэд хэн хэн нь хохирч байдаг. Хүүхдээ хэвлийдээ устгаагүйд нь баярламаар ч, төрүүлсэн хүүхдээ өсгөж чадахгүй бол ядаж улсын асрамжинд өгч болдог гэдгийг анхаарна уу.

Он гарсаар 6  эх төрүүлсэн хүүхдээ төөрүүлсэн  буюу орхисон хэргээр шүүхээс ял сонссон байна.

Хүүхдээ орхисон ээжүүдийн хувьд 20 хүрээгүй, оюутан, ажил мэргэжилгүй гэсэн нийтлэг дүр төрх харагдаж байна. Тэд нийгмийн байдлаасаа болж хүүхдээ орхисон гэдгээ мөрөн байцаалт болон шүүхийн шатанд тайлбарласан байдаг. Тодруулбал, өөр шигээ ядуу хүн болгомооргүй байна, гэрийнхэн хүүхдийг маань хүлээн зөвшөөрөхгүй, ёс заншил хатуу гэх зэрэг шалтгаанаар хүүхдээ айлын хашаа, төрүүлсэн эмнэлэг гэх мэт газарт үлдээсэн  байгаа юм.

Тэгвэл хүүхдээ харж хандах боломж бололцоогүй бол улсын асрамжийн газар өгч болдог.  Ингэснээр хүүхдээ болзошгүй эрсдэлээс сэргийлж, эх нь өөрөө гэмт хэрэгтэн болохгүй байх боломжтой.  Мөн хүүхдээ өсгөх боломжтой болсон үедээ хүүхдээ улсын асрамжаас авах зохицуулалт байдаг.  Шаардлагатай бол  хүүхдээ улсын асармжинд байх хугацаанд нь хүссэн үедээ уулзаж болдог. 

Ийм зохицуулалт байдгийг мэдэхгүйгээсээ болж зарим нэг эхчүүд хуулийн хариуцлага хүлээн ял авсаар байна.  2017 оны 07-р сарын 01-ээс өмнө хэрэгжиж байсан Эрүүгийн хуулиар харьцангуй бага ял хүлээдэг байсан бол шинэ эрүүгийн хуулиар хариуцлагын  тогтолцоог чангатгаж өгсөн байдаг.

Тодруулбал 2002 оноос  2017 оны 07-р сарын 1 хүртэл хэрэгжсэн  Эрүүгийн хуулиар

117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх

117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. 

Харин 2017 оны 07-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуулиар хариуцлага, ял нь чангарсан байгаа.

16.3.1. - Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.

Хүнд хүн илүүддэггүй, хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдгийг бодолцож хүүхдээ орхихгүй байж болно. Нөгөө талаас нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэлтэй байх,  хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, аливаад хариуцлгагатай хандах цаг болсон гэдгийг өсвөр насны охид болон оюутан, бүсгүйчүүдэд анхааруулж байна.

Нэг хариуцлагагүй алхам амьдралд  ямар эрсдэл дагуулахыг  анхаарч,  эцэг эхчүүд охидтойгоо ярилцаж байх шаардлагатайг  шүүхээс ял авсан 6 ээжийн тохиолдлоос харж болохоор байна. Хүүхдээ тэжээж чадахгүй бол асрамжийн газарт өгөх, сайн айлд өргүүлэх гэх мэт олон арга зам байгааг эхчүүд сонгож болохыг анхаарна уу.  

Хүүхдэд буруу байхгүй.  Тэр тусмаа хүн болох хувьтай хүүхдийг “голох” эрх эх хүнд байхгүй!!!