УИХ-ын живхтэй гишүүн хэмээн цоллогдож байсан, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилаж байсан Р.Эрдэнэбулганыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцсэн байна.  Хэргийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.  

Р.Эрдэнэбүрэн нь 2012 оноос 2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар тус тус ажиллах үедээ 1,141,800,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 6 давхрын 602 тоот, 344.8 м.кв талбайтай орон сууц, 2 ширхэг автомашины зогсоолын хамт худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн боловч уг хөрөнгө хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Р.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокуророос Р.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Р.Э, Ж.Г нарыг цагаатгаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлах арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хавтас 189 хуудастай баримт бичгүүдийг, бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Ж.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206044073 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол улс гудамж, “Ривер гарден” 302 дугаар байрны 602 тоот орон сууц, зоорийн давхарын 2-8, 2-9 тоот хаягт байршилтай автомашины зогсоолыг тус тус битүүмжилснийг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, энэ хэрэгт Р.Э нь 14 хоног цагдан хоригдсон, Ж.Г цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

Тэгвэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг прокурор Ч.Отгонсүрэн эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тодруубал, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгай субьект буюу албан тушаалтан, бүрэн эрхийн хугацаанд, хууль ёсны эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө, орлого олсон, санаатай үйлдсэн, эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн бүрэлдэхүүний таван шинжийг зэрэг хангаж байхаар тодорхойлсон байна. Р.Эрдэнэбүрэн нь 2012 оноос 2015 оны хооронд Засгийн газрын шийдвэрээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 1,141,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 2 ширхэг автомашины зогсоолыг найз Ж.Гийн нэр дээр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан, одоо уг хөрөнгийг эзэмшин ашиглаж, гэр бүлийн хамтаар амьдарч байгаа нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 4.1 дэх заалтад заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно...”, “Энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтад “...үндэслэлгүйгээр хөрөнгөжих...” гэж, мөн зүйлийн тайлбарт “...Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ...” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан. Р.Э нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хөрөнгө, орлогын талаарх мэдүүлгийг гаргаж өгч байсан ба уг мэдүүлэгтээ гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээл болон бусдаас авах авлага, өглөгийн талаар огт мэдүүлээгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс “... бусдаас авсан их хэмжээний авлага, зээл, гэр бүлийн гишүүний хувиараа эрхлэх үйл ажиллагааны орлого...” зэргийг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй зөрчил гаргасан хэдий ч тэрээр их хэмжээний орлого олсон эх үүсвэрээ “...бодитой, үнэн зөв, хууль ёсны болохыг үндэслэлтэй тодорхойлон тайлбарлаж чадаагүй” гэх нөхцөл байдал хангалттай, эргэлзээгүй буюу хөдөлбөргүй байдлаар тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Учир нь, шүүгдэгч Р.Э-гээс орон сууц, автомашины зогсоолуудыг худалдан авсан эх сурвалжаа “...өөрийн эхнэрийн хувиараа эрхэлдэг үнэт эдлэлийн худалдааны орлогоос 412,462,000 төгрөг, төрсөн дүү Р.Бүрэнжаргалын үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос 106,000,000 төгрөг, хувь хүнээс буюу найз Ж.Г-өөс зээлж авсан 380.000.000 төгрөг, хуулийн этгээдээс авсан авлага буюу “Лозво ЖЛС” ХХК анх байгуулагдах үед түүхий эд худалдан авахад нь зарцуулж зээлсэн 160,000,000 төгрөг, хувь хүнээс буюу найз М.Нарангэрэлээс авсан авлага ба зээлийн 85,000,000 төгрөгийг тус тус орон сууц худалдан авахад зарцуулсан...” гэж тайлбарласан боловч түүний тайлбар нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн. Үүнд: Ж.Г сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... Р.Э утсаар яриад намайг дуудаад Р.Э-тэй “Ривер гарден” хотхоны борлуулалтын албан дээр очсон. Тэгээд энэ байрыг худалдан авах гэрээг би хийж өгсөн. Р.Э-гийн хувьд би байр авах гэсэн юм, байрны захиалга өгөх гэсэн юм,чи очоод гэрээ хийгээд өгөөч гэсэн,...би гэрээг нь хийж өгсөн юм. Энэ байр бол миний байр биш, Э-гийн байр юм. Төлбөр мөнгийг нь хэрхэн төлсөн талаар мэдэхгүй байна. Захиалах байрны хаягийг нь Р.Э надад хэлж өгч байсан юм. Р.Э бид хоёрын хооронд ямар нэгэн өр, авлага байхгүй. Бид хоёрын дунд бие, биедээ мөнгө, төгрөг зээлж байсан тохиолдол байхгүй болно. Бид жирийн найзууд юм. Миний хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нуусан ямар нэгэн хөрөнгийг ил болгосон зүйл байхгүй болно. Р.Э, Г.Батчимэг нартай хамтран бизнес эрхэлж байсан зүйл байхгүй болно. Би ямар нэгэн байдлаар Р.Э-гийн эзэмшлийн компанийг ажиллуулж байсан зүйл байхгүй...” гэж давахын өргөдөлдөө бичжээ.

Энэ өргөдлийн дагуу давж заалдах шатны шүүх хурал болсон. Шүүх хурлаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Прокурорын бичсэн гомдлоор бол Р.Эрдэнэбүрэн буруутай мэт боловч, шүүх буруугүй гэж үзэв. Энэ асуудлыг Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.