Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авчээ
Нийгмийн халамж үйлчилгээг хууль бусаар авсан тохиолдлууд илэрсээр байна. Тухайлбал, Б.Ж нь 2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт очиж зүрхний хиймэл хавхлаг хийлгэсэн гэх хуурамч материалыг бүрдүүлэн 2017 оны 09 дүгээр сард аймгийн Халамж үйлчилгээний газарт өгч Нийгмийн халамжийн сангаас зүрхний хиймэл хавхлаг хийлгэсэн иргэдэд олгох хөнгөлөлтийн 3 000 000 төгрөгийн үйлчилгээг авсан гэмт хэрэг үйлдсэн байна. 
Тодруулбал, иргэн өөрөө эмчилгээ хийлгэж байсан талаар харъяа нийгмийн халамж, үйлчилгээний газарт өргөдөл гаргаж баримт бичгийн хамт сумын мэргэжилтэнд материал өгдөг. Үүнийг хүлээн авсан мэргэжилтэн материалыг хянаж үзээд ХХҮГ-ын эахиргаа хяналтын хэлтсийн хяналтын мэргэжилтэнд хянуулахаар өгнө, Харин үүнийг хүлээн авсан хяналтын мэргэжилтэн уг материалыг холбогдох хууль журмын дагуу хянаж хөнгөлөлт олгох, эс олгох эсэхийг шийдвэрлэж материалд тэмдэглэл үйлдэж шийдвэр гаргадаг байна. Улмаар сумын мэргэжилтэн нар хүлээн авсан материалыг программд шивж оруулан файл үүсгэдэг. Харин хяналтын мэргэжилтэн танилцсан материалын дагуу олгох иргэдийн жагсаалтыг гаргаж олголтын мэргэжилтэнд өгдөг Олголтын мэргэжилтэн хяналтын мэргэжилтнээс авсан жагсаалтыг сумын мэргэжилтэний оруулсан файлд тохирч байгаа эсэхийг үзээд зөрүүгүй байгаа бол мөнгийг олгохоор банкинд илгээлт хийдэг. Энэ бол иргэнд нийгмийн халамж үзүүлэх дараалал. Ийм байхад  Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1943 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 74 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт Б Ж  3 000 000 төгрөг авч чаджээ. 
Б.Ж-ийн энэ үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагддаг. Тухайлбал, 
•    Ж.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний эцэг болох Ж манай дүү А машинаар Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж ирсэн. Гэхдээ ямар нэгэн зүрхий хагалгаа хийлгэсэн асуудал байхгүй зөвхөн нуруундаа хагалгаа хийлгэж ирсэн. Эцэг Б.Ж надад уутанд хийсэн хэдэн бичиг өгч иргэн А хүргэж өг гэсэн тэгээд би сумын төв орж иргэн А уг материалыг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг
•    А.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...12Б маягт болох комиссын шийдвэр нь иргэн Б.Ж зүрхний титэм судасны өвчний оношлогоо эмчилгээнд явуулах талаар шийдвэр байсан ба харин 13А маягт мөн адил бичигдсэн байна. Улаанбаатар хотоос Шастиний нэрэмжит 3 дугаар эмнэлгээс өгсөн 13А маягт бол зүрхний зүүн титэмийн артерийн судсанд тэлэгч тавьсаны дараах байдал гэх оношоор явуулсан байна. Б.Ж зүрхний хиймэл хавхлаг хийлгээгүй байна. Зүрхний титэмийн артерийн суудсанд хийх мэс ажилбар бол даатгалд хамрагдсан тул ямар нэгэн үнэ төлбөр авах ёсгуй байдаг юм. Шастиний нэрэмжит 3 дугаар эмнэлэгт зүрхиий О. Б нэртэй эмч байхгүй” гэх
•    З.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бүртгэлийн дугаарыг статистикийн бага эмч олгох ёстой, эмч онош тавьж 13 дугаар маягтыг бичиж өгсөнийг бид баталгаажуулдаг юм. Маягт авсан иргэд өөрийн биеэр очиж бүртгэлийн дугаар авч маяггыг авч явах ёстой. Харин 12Б маягтанд надад гарын үсэг зуруулаагүй байна тэр нь хуурамч байх гэж бодож байна” гэх мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон байна. 
Харин өөрийнхөө энэ үйлдлийг Б.Ж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний бие сүүлийн 12 жил өвдөж тархи дутуу болсон. Бүсэлхий хэсгээс дошоо ямар ч мэдрэлгүй, катетрээр бие засдаг, хоёр хөл мэдээгүй тул явж чадахгүй, хоёр удаа нуруу нугасанд хагалгаа хийлгүүлсэн. Хамгийн сүлд 2017 оны 08 дугаар сарын үед Улаанбаатар хот руу очиж нуруу нугасанд хагалгаа хийлгэж ирсэн. Тэгээд зүрхэндээ хагалгаа хийлгэсэн гэж хуурамч баримт бүрдүүлж Алтанцөгц сумын халамжийн ажилтан Ш.А өгсөн. Тэгээд энэ баримтыг үндэслэн 3000000 төгрөг авсан маань үнэн. Үүнийг бол хүлээн зөвшөөрч, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна ” гэж мэдүүлжээ. 
Түүний энэ үйлдэлд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. 
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.Ж үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн. 
Тодруулбал, Х овогт Б Ж “ Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, гэмт хэргийн хор уршиг буюу хохирлыг 2 жилийн хугацаанд барагдуулж үүрэг хүлээлгэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж 3000000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор болжээ.