Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд  Элчин сайдын яамныхаа өмнө эмэгтэй хүн зодож танхайрсан  хэрэг өчигдөр гарсан байна.

Энэ талаар зодуулсан бүсгүй ийнхүү ярьсан юм.

Энэ хэрэг болох үед  Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч,туслах болон Энэтхэг улсын иргэд байсан аж. Мөн энэ үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн байна.

Зодуулсан бүсгүйн хувьд бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн одоо эмчилгээ хийлгэж байгаа аж. 

Зодуулсан бүсгүй ЭСЯ-аас тусламж хүссэн бөгөөд залуу гэр бүлийн хувьд охиноо тус улсад эмчлүүлж байгаа юм байна.  Түүний охин  зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай, ховол хоорондын  таславчийн  цоорхойтой гэж  оношлогдсон. Энэ өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул  2018 оны 08-р сарын 10-нд Энэтхэг улсыг зорьсон. Энэтхэгт ирээд эмчилгээ хийлгэж байхдаа охин нь зүрхний хавсарсан гажгаас гадна  уушгины дутуу хөгжилтэй, хоолойн нарийсал буюу мэмбрамтай гэсэн давхар онош гарсан. Охины хагалгаа амжилттай болсон ч  хагалгааны дараах хүндрэлүүд гарч охин эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эрчимт эмчилгээний өдрийн төлбөр 1.5-1.8 сая төгрөг болж байгаа бөгөөд  тэд өдгөө 170 гаруй сая төгрөгийн өртэй болсон юм.

Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдын энэхүү танхайн хэргийн талаар бид ГХЯ, Консулын газраас тодруулж, мэдээллийг тэнцвэртэй мэдээлэхийг хичээсэн боловч холбогдож чадаагүй юм.

Бид албан эх сурвалжуудаас тодруулж энэ талаар эргэж мэдээлэх болно.