Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Баяраа:

ОЮУТНУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГЭЭС ЧӨЛӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ

Монгол Улс даяар 2018 оны хугацаат цэргийн албаны татлага эхлэх гэж байна. Иймээс энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Баяраатай уулзаж ярилцлаа.
- Орон даяар 2018 оны хугацаат цэргийн албаны татлага эхэлж байна. Энэ удаагийн хугацаат цэргийн албаны татлага ямар онцлогтой явагдах вэ?Мөн цэргийн зарлан дуудах авсан залуус маань юуг анхаарах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жилийн хугацаат цэргийн албаны татлага өмнөх жилүүдийнхээс нэлээд онцлогтой зохион байгуулагдана. Тухайлбал Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан "Иргэнийг цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 145 дугаар тогтоолоор 2017-2020 онд хэрэгжүүлэхээр батлуулсан "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, боловсролын түвшинг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаараа онцлогтой болж байна. Мөн дээрх хууль эрх зүйн баримт бичгийг үндэслэн 18-25 насны залуучууд эрүүл мэндийн албан журмын даатгалд хамрагдаж, 8-10 төрлийн шинжилгээ, оношлогоо хийлгэх зайлшгүй шаардлагатай. Хугацаат цэргийн алба хаах нас /18-25/-ны залуучуудыг журамд заагдсан шинжилгээ оношлогоонд хамруулснаар өвчлөлийн байдал, эзлэх хувийг тодорхойлж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах юм. Одоогийн байдлаар хугацаат цэргийн албаны татлагын товчооны эмч нарын комиссын үзлэгт хамрагдаж эрүүл мэндийн байдалдаа дүгнэлт гаргуулах тухай зарлан дуудах хуудас иргэдэд хүргүүлсэн байгаа. Дашрамд хэлэхэд оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгээс чөлөөлөх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин гадаадад сурч, ажиллаж байгаа залуучууд гадаадад байгаа болон хилээр нэвтэрсэн тухай лавлагааг бүрдүүлж ирүүлэх ёстой. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй, комиссын үзлэгт ороогүй иргэн буюу орох бололцоог нь олгоогүй албан тушаалтанд Цэргийн албаны тухай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.
-Аймгийн төв Сүхбаатар сумын хувьд цэрэг татлага яг хэдэн хэдэнд болох гэж байна. Мөн хэдэн онд төрсөн иргэд энд хамрагдах билээ . . . ?
-2018 оны 1 дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага 2018 оны 05 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд өглөө 09:30 цагт аймгийн Спортын ордонд зохион байгуулагдана. Энд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 09-ний хооронд төрсөн иргэд, мөн хоёрдугаар зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн залуучууд хамрагдана.
-Цэргийн зарлан дуудах авсан залуус маань ямар бичиг баримттай ирэх вэ? Дээр нэлээд хэдэн төрлийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэж хэлсэн. Энэ ямар шинжилгээнүүд байхыг тодруулна уу?
-Энэ дурьдсан өдрүүдэд цэрэг татлагын байранд заасан хугацаанд 18-25 насны залуучууд бэлэн ирсэн байх ёстой. Эдгээр залуус маань цахим үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хоёр хувь эрүүл мэндийн үзлэгийн анкет, дөрвөн хувь цээж зураг, шинжилгээний хариугаа аваад ирсэн байх хэрэгтэй. Хийлгэх шинжилгээнүүд нь гэвэл цусны ерөнхий, шээсний ерөнхий, биохимийн /цусанд-сахар, элэгний В,С вирус илрүүлэх/, ДОХ, тэмбүүгийн, цусны бүлэг тогтоох зэрэг шинжилгээнүүд хийгдсэн байх ёстой.