Хосуудын баярын өдөр өчигдөр тохиож энэ тэндгүй л тоглолт, шоу арга хэмжээ болж хот тэр аяараа л хөл хөөр боллоо. Тэдгээр олон тоглолтууд дундаас үзэгчдээ хамгийн ихээр баярлуулж, сюрприз дүүрэн байсан тоглолт бол, залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн тоглолт байсан гэж, ам бардам хэлмээр байна.

   “STRINGS LIVE MUSIC CLUB”-д 250 хосод зориулан тоглосон тэдний тоглолт үнэхээр халуухан болж хүрэлцэн ирсэн үзэгч бүртээ зориулан амтат шокладыг бэлэг болгосоны зэрэгцээ, хайртай хосуудад нэгэндээ сэтгэлээ илэрхийлэх боломжыг олгож нэгэн үдшийг үнэхээр бут аван өнгөрүүллээ. Тэд тэртээх 1998 оноос хойш дуулж амьдруулан залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан хайрын тухай гайхалтай дуунуудаа 100% амьдаар дуулж, хосуудтай хамтдаа дуулж, бүжиглэцгээн хайр хэмээх агуу увидас мэдрэмжинд илбүүлэн өнгөрүүлсэн юм.

“Салхи”-ийн  гол зочид 90-ээд онд тэдэнтэй цуг байж, уран бүтээлээр нь амьсгалж байсан залуус байсан учраас дуу бүрийг нь түрэн дуулж, хуучны сайхан дурсамжаа сэргээн мөн шинэ аялгууг нь сонссон хамтдаа бүжиглэн тэнд ч үзэгчдийн атмосфер буцалж байлаа.

“...Нүдэнд дулаахан охин чиний
Хайраа илчлэх шиг нүдний чинь харцтай
Надтай учирсан тэрхэн үед би харц тулгарч билээ
Зүрхэнд хурсан хайрын тэрхэн мөчийг зүүдэндээ л хардаг...” “Харц”, “Хөөрхөн охин” дууг тэдний хамт тайзнаа “Ice Top” хамтлагийн Манлай, Хаагий нар гарч ирэн салхины хурдыг улам нэмэв. Ийнхүү “Үггүй бороо”, “Хүүхэд нас,” “Дурсамж”, “Мартагдашгүй хайр”, “Би чамд хайртай гэж зовоохгүй” гээд эгшиглээд л эхлэхэд үгс нь өөрийн эрхгүй аманд орж ирдэг танил дотно дуунууд ар араасаа эгшиглэн үзэгчдийг байлдан дагуулсаар

“...Хайрыг гомдоосон хүн жаргасныг сонсоогүй
Халуухан шөнө өө мартлаа гэж үү чи
Өнгө дагасан амьдрал өөдөлсөн гэж сонсоогүй
Сэтгэлээсээ урвасан хүн жаргахгүй ээ..” тоглолт “Хагацал хүсээгүй хайр” дуугаар өндөрлөсөн юм. Тэдний хамт амьд хөгжмийг “New Star” студийн С.Гантөр даралтат хөгжмийг тоглон, саксофончин Цогоо, бөмбөрчин Одко, соль гитарчин Үүрийнцолмон нар хайрын салхины хөг аялгууг уянгалуулсан юм. Ийнхүү 15-н жилийн ойгоо угтан тоглож буй тэдний тоглолт өнөөдөр сүүлчийн өдрөө дахин 250 хосод зориулан тоглох юм. Ингээд уншигч та өнөөдрийн тоглолтыг зорих гэж байгаа бол 91995504 98987227 дугаарын утсаар тасалбараа лавлаарай.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...