Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Монголын нийгэмд олон үйл явдал өрнөж байна. Өнөөдөр бид өнгөрснөө ярьж, болохгүй байгааг нь цэвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн цаашдаа Монголын нийгмийг хөгжүүлэх гарц, шийдлийг ярих цаг болсон. Монголчууд бид арга ухаан, эр зориг, эв нэгдлээрээ үнэт зүйлсээ сахин хамгаалж, нийтээрэй чинээлэг, шударга төрөө сэргээхийн төлөө ажиллаж байна. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байгаа. 

 

Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт этгээдүүдээр дүүрч байгааг бид харж байна. Тиймээс монголчууд өнгөрснөө дүгнэж, муу муухайг цэвэрлэх, эх орноо хөгжүүлэх гарц, шийдлийг ярих цаг болсон. Монголын төрд шударга ёсыг сэргээх, байгалийн баялгийг нийтийн өмч болгох, чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө ажиллана. Монголд шударга ёсыг тогоох Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, иргэдэд очих ёстой зээлийг өөртөө авсан УИХ-ыг нэн яаралтай тараах тэмцлийг эхлүүлнэ. Мөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээдэг нийгмийг цогцлоож, “60 тэрбум”-ын хэрэгтнүүдийг шударга шүүхийн өмнө авч очих болно. Түүнчлийн УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор явдаг байдлыг зогсоож, намууд өмчтэй байхыг хуулиар хориглож, Монголд шударга сонгууль болдог нийгмийг цогцлоохын төлөө ажиллана.

 

Мөн байгалийн баялгийг бүх нийтийн өмч болгож, тусгай зөвшөөрлийн наймааг таслан зогсоож, стратегийн ордуудаас төсөвт ордог орлогыг нэгтгэж Баялгийн санд төвлөрүүлэн Монголын өрийг төлөх, авлигачдын мөнгийг хурааж, иргэдийг орон сууцжуулахад зарцуулахын төлөө ажиллах болно. Уул уурхайн биш барааны экспортыг нэмэгдүүлье. Улс орон бүтээн байгуулалтгүйгээр хөгжихгүй. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор бий болгохын ттөлөө ажиллая. Шатахуун болон гол хэрэглээний барааны үнийг хазаарлаж, иргэдийн цалин хөлс, орлогыг нэмэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн ардчилал байхгүй болсон. Даатгал, банкийг ард иргэдийн оролцоотой бий болгоё. Өнөөдөр гарц шийдэл ярих цаг болсон. Монгол хүн Монголдоо амгалан тайван амьдрах, бахархалтай сайхан амьдрал боломжийг авч ирэх Нэгдмэл Монгол хөдөлгөөнийг байгуулж байгаагаа зарлаж байна. Эх орныхоо төлөө гэсэн чинь сэтгэлтэй бүхнийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна хэмээн мэдээллээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Таны энэ бодлогыг Ерөнхийлөгчийн төвшинд дэмжиж байгаа юу?

 

-Хийе гэвэл аргаа олно. Хийхгүй гэвэл шалтаг олно. Би үүнийг бүх шатанд хэлдэг.

 

-Та намынхаа үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Би АН-ын гишүүнээрээ хэвээр байгаа. АН-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа. Монголын нийгэмд бугшсан энэ асуудалд шийдэл, гарцыг хийж, хошуучлах ёстой. Тэр үүргээ өнөөдөр хийж чадахгүй байна. Онигоо ч гарсан байна лээ, “М.Энхболд байрандаа, У.Хүрэлсүх байрандаа, АН бүлэггүй боллоо” гэдэг. Энэ бол хариуцлагагүй явдал. Өөр хоорондоо хөлөө жийлцэхээ болиод гарч шийдэл хайх хэрэгтэй. Өнөөдөр бид дэндүү амиа бодсон, явцуу байна. Цөөхөн хүний эрх ашигт нам үйлчилдэг болсон. Энэ намыг бий болгосон хэдэн зуун мянган гишүүд байгаа. Тэр гишүүд 1990 оны зүрх сэтгэлээрээ байгаа. Бүлэглэлд үйлчилдэг цөөн хүний гарт намын удирдлагууд шилжсэнтэй холбоотой.

 

-Таны энэ байр суурийг Ерөнхийлөгчийнх гэж ойлгож болох уу?

 

-Надад тийм нарийн ухаан байхгүй. Өнөөдөр сайн өдөр гэхээр нь би та бүхэнд санаачлан байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн гурван чухал зүйлийг хэлээд уриалж байна. Монголд өчнөөн олон хөдөлгөөн, нам байгаа. Тэдэнд буруу байхгүй. Цөөхөн нь баяжиж, олонхи нь дундаж амьдралтай явахын төлөө байвал надтай нэгдээрэй.

 

-Та өмнө нь МАН-тай хамтарч, бүлэглэл байгуулж байсан?

 

-Эртээд Ц.Элбэгдорж худлаа хэлж байна лээ. Хамтарсан Засгийн газар байгуулагдах, МАНАН байгуулагдах хоёр тэнгэр газар шиг ялгаатай. 2004 онд Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэр үед хамтарсан Засгийн газар нь МАНАН болно гэж Ц.Элбэгдорж ч бодоогүй байх. Би 2008 онд С.Баяр, Сү.Батболдын Засгийн газарт ажиллаж байсан. Хэрвээ би тэр үед газрын баялгийг хамтарч авсан бол та нарын нүүрийг  харж чадахгүй гадаадаар зугаалаад явж байх байсан биз. Лицинзийг ард түмэнд нь буцааж өгөх хэрэгтэй. Улстөрчид шунал тачаалаа дар гэж уриалаад байгаа юм.

 

-Танд баримт байгаа юу?

-Юун баримт гэж, "Эрдэнэт"-ийн49 хувийг хэдэн жил ярив.

 

-Та нам байгуулах гэж байгаа юм уу?

 

-Одоо Монголд хэдэн нам байдгийг мэдэхгүй. Нам байгуулахаар ойр орчмы хүнээ л тавьж байна. Сүүлдээ ард түмний газрын доорх баялгийг дээрэмдэж авсан мөнгө нь нам байгуулахад зарцуулагдаж байна. Хүүхдээрээ, хамаатнаараа нам байгуулаад хөдөө орон нутагт яваад мөнгө цацаж байна. Шүүхээр ороод гэм буруутай нь тогтоогдсон бол шийтгэлээ хүлээдэг. Гэтэл буруугаа хүлээсэн хүн хэн байгаа юм.

 

-Таны энэ мэдэгдлийг харахад М.Энхболд, Ц.Элбэгдорж буруу зүйл хийсэн. Ганцаараа та цэвэр мэт харагдахаар байна. Та төрийн бус байгууллагаа нам болгох уу?

 

-Би та нарт маш тодорхой гурван зүйл хэллээ. Олонх нь дундаж амьдралтай болъё гэж байвал надтай нэгдээрэй, үгүй гэвэл холхон байгаарай.

 

-Ц.Элбэгдорж таныг “Намайг огцруулаад өг” гэж орж ирсэн гэсэн?

 

-Ц.Элбэгдорж зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан.  Ц.Элбэгдорж сурвалжлагач байхдаа шүлэг бичээд Ерөнхийлөгч байхдаа хэрэг бичдэг болсон. Ц.Элбэгдорж намайг өргөдлөө өг гэсэн. Би ажил хийхийн төлөө тэр хүнд хэлсэн. Би ажлаа өгөхгүй, чаддаг юм бол кноп дараад хал гэсэн. Манай намын 7 гишүүнийг чуулганы сурвалжлагад оруулаагүй, 8 гишүүнийг миний эсрэг кноп даруулсан шүү. Ингээд 15 гишүүнийг эсрэг кноп даруулсан.

 

-Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн тухайд та тэмцэл ярьж болж байна уу?

 

-Чи тэгээд тэмцэхгүй юм уу. Чи тэмцэхгүй, би тэмцэхгүй, амиа бодсон юм бэ, та нар.

 

-Таны энэ бодлого Ерөнхийлөгчийн бодлоготой уялдаатай юу?

 

-Энэ бол миний хувь хүний байр суурь. Ерөнхийлөгчтэй зөвлөөгүй. Ерөнхийлөгчийн зөвлөхийн тухайд хэлдэг үгээ хэлдэг. Энэ нь зөвлөхийн үгээр явна гэсэн үг биш. Би Монголын ард түмний хөрөнгөөр төрийн албанд бэлтгэгдсэн хүн. Тийм ч учаас би өөрийн хариуцсан үедээ хийх гэж оролдсон. Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтаг хайдаг. Би хийх гэж оролдсон. Одоо хараад сууж чадахгүй байна. Надад энэ муухай тогтолцоог унагааж, устгах бодол байна. Газрын доорх баялгийг ард түмэнд хүртээе. Дундаж давхрагыг бий болгоё.

 

-Та улстөрчийн зүгээс төрийн гурван өндөрлөгийг хэрхэн харж байна вэ?

 

-Алтанхуягийн бодол нэг хэрэг. Ард түмний бодол өөр хэрэг. Миний байр суурь ач холбогдол байхгүй.