МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж тус намын удирдлагууд үг хэлж байна. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж тэрбээр албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр "Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй" гэсэн үгийг онцлон хэлсэн байна. Түүний хэлсэн үгнээс дурьдвал, Хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү гэв.

Манай зарим нөхөд ч гэсэн энэ асуудлыг их ярьж байна. Хууль хяналтын байгууллага хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хэрэгсэхгүй болгосон. Энд сууж байгаа хүмүүсийн хэн нь 60 тэрбумын схемээр албан тушаалд томилогдсон юм бэ гэдгээ ярих хэрэгтэй. Тэр схемээр нэг ч хүнээс мөнгө төгрөг авч ажил албан тушаалд томилоогүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч бас хэлье.

Өөрийн амрыг хараад энэ албыг өгөхөд надад болохгүй зүйл гэж үгүй, гэхдээ өнөөдөр цаг нь биш. ЖДҮХС-гаас зохион байгуулалттай гэж хэлж болохоор зээл авсан, тэр нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа энэ цаг үед хүндрэл бэрхшээлээс зугатааж өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн үед асуудал өөр байна”

Түүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын даргын албан тушаалаа хүээлгэж өгөхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэн өгч, улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүх илтгэлийнхээ төгсгөлд "Өнөөдөр би М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ.

Энэ хатуу үгүүдийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэллээ. Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна" гэжээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байгаа намынхаа Бага хурлын үеэр албан тушаалаасаа буухгүй гэсэн санаагаа илэрхийлжээ.