Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж, ажлаа тайлагнадаг. Өнөөдөр (2018.12.25) тус газрын “Олон нийтийн төв”-д ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хурлын эхэнд 2018 оны арванхоёрдугаар сард шийдэгдсэн хавтаст хэргүүдийн болон  шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Хэвлэл бага хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. Арванхоёрдугаар сард авлигаас сэргийлэх өдрүүд болж, тус газраас олон хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулсан байна.

Тус газраас хийсэн шалгалтаар зарим зөрчилтэй албан хаагчдад хариуцлага тооцжээ. Тухайлбал, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын  хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Д.Дорлигжавт 4 сая доллар өгсөн гэх Т.Ганболд гадаад уруу гарсан

Товч мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ЖДҮХС-тай холбогдуулан хэдэн гишүүнийг шалгаж байгаа вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд АТГ-т ирж мэдүүлэг өгч байгаа. Нэлээд хэдэн гишүүн бий. Тоог нь хэлэх боломжгүй. Зээл авахад нөлөөлөл байсан эсэх талаар мэдүүлэг авч байна.  

-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авлигад өгөхөөр бэлтгэсэн байх магадлалтай 1.3 сая долларыг хятадуудад буцааж өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

- 1.3 сая америк долларыг буцааж өгөөгүй. Хэрэг шалгагдаж дуусаагүй байхад мөнгийг өгнө  гэсэн зүйл байхгүй.

-“Стандарт” банкинд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан  хэрэг ямар шатанд байна вэ?

- “Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаад дууссан. Өнөө маргаашгүй прокурорт шилжүүлнэ.

-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая долларын авлига авсан байж болзошгүй мэдээлэл гарсан. Шалгаж байгаа юу?

-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав дөрвөн сая долларын авлига авсан тухай хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжин мэдээлэгдсэн. Д.Дорлигжавт дөрвөн сая доллар өгсөн гэх хүн нь гадаад гараад явсан учраас хүлээгдэж байна.