Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Чингис Хааны зурагтай бэлгэвч БНХАУ-д худалдаалагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсаа аврах үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр "Манай хөдөлгөөний гол зорилго бол Монголын төрд үүсээд буй гаж тогтолцооноос гаргах, баялгийн тэгш бус хуваарилалтыг устгах юм.

Чингис хааныг манай монголчуудаас гадна дэлхий нийт шүтэн биширдэг билээ. Гэтэл Чингис хааны нэр, зурагтай бэлгэвчийг БНХАУ-д үйлдвэрлэн худалдаалж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Энэ мэдээллийг ШӨХТГ-ын дарга асан Д.Мөнхтөр өөрийн Фэйсбүүк хуудаснаа дэлгэсэн ба тус улсад суралцдаг оюутнууд энэхүү бэлгэвчийн зургийг авч, явуулан мэдээлсэн.

Энэ бүхэн өнөөдрийн эрх барьж буй төр засгийнхны Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрх зүйн чадамжгүй байгааг илэрхийлж байгаа бөгөөд манай улсын төр засгийг доромжилж буй явдал юм.

Тийм ч утгаараа манай хөдөлгөөний зүгээс УИХ-ыг анх 2016 онд бүрэлдэж байх үед эрх барих чадамжгүйг нь илэрхийлж, сануулж байсан ба өнөөдрийг хүртэл эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 

Нэг үгээр хэлбэл энэхүү Чингис хааны зурагтай бэлгэвч нь өнөөдрийн засгийн эрх барьж буй Монгол төрийн чадавхгүй байдлаас болж дэлхий нийт Чингис хааны зургийг хаана ч, юун дээр ч хамаагүй ашигладаг болсон байна.

Үүнийг ашиглуулахгүй байх хууль, эрх зүйн зохицуулалт болон олон улсын гэрээ хэлэлцээг бий болгож чадаагүйн нэг илэрхийлэл юм. Иймд төр засгийн эрхэнд буй "МАНАН'-гийн бүлэглэлийг унагаах цаг болсон" гэв.