Рио Де Жанейрогийн үер

2011 оны 1-р сард Рио Де Жанейро болон бусад уулын бүс нутгийн хотуудад их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, цахилгаан болон утасны сүлжээ тасарч, байгалийн гамшигт өртсөн юм. Үүний дараа ядуу өрх айлууд хөл дээрээ буцаж зогсох аргагүй болсон билээ. Ууланд амьдардаг хүмүүс амьдаараа шавар балчигт оршуулагдаж, Тересопис хотын гал сөнөөгч болон сайн дурынхан нийлсэн 800 орчим хүн шавар ухаж, амьд үлдэгсдийг ухаж гаргахаар ажилласан юм. Харамсалтай нь Бразил улсад 1-р сард их хэмжээний аадар бороо ордог тул дахин ийм байдалд орж мэдэх билээ.

 

Баруун Канадын түймэр

Канад байгаль ээжийн ивээлд багтсан гэмээр улс ч гэлээ, 2016.05.01-нд Алберта мужийн эргэн тойрон гал гарч, 1,5 сая акр талбайтай ой мод шатжээ. Айлууд галаас зугтахын тулд гэр орноо орхин дайжиж, нисэх онгоц пиг дүүрсэн юм. Харин тухайн нутагт гал сөнөөгчид цөөхөн байсан хэдий ч, Өмнөд Африкийн гал сөнөөгчид тив гатлан, Канадуудад туслахаар ирсэн ажээ.

 

Европын аагим халуун

2003 оны 8-р сард Европт ган болсон юм. Францын зарим газар бүр онцгой халж, 70000 хүн үрэгдсэн билээ. Европын халуун агаар өмнөдийн салхитай нийлснээс болж ингэтэл халсан бөгөөд 8-р сар аялал зугаалгын сар учраас зарим цогцсыг ар гэрийнхэнд нь таниулж ч амжаагүй байна. Ганцаараа амьдардаг настайчууд ч мөн аагим халуунтай яаж тэмцэхээ мэдэхгүйн улмаас хохирогч болж таарчээ. Дээрээс нь ерөнхийлөгч Жак Ширак (Jacques Chirac) хөгшин настай хүмүүсээ харж хандах хүнгүй, мартаж орхисон хэмээн иргэдээ буруутгаад авсан удаатай. Францаас гадна Итали, Герман, Их Британи, Швед зэрэг оронд энэ ган тохиосон билээ.

 

Гайтигийн газар хөдлөлт

Атлантын далайн хар шуурга хүрээгүй нэлээд олон Карибын арлууд байдаг ч, 2010.01.12-нд Порт а Принц (Port a Prince)-д 3 сая гаруй хүнийг хамарсан 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн дараа 2 цагийн турш 5.9 балл хүртэл доргилтын дараах түлхэлт мэдрэгдсэн бөгөөд Куба, Ямайк, Каракс, Венесуэл зэрэг газар хүртэл доргилт мэдрэгдэж байжээ. Олон зууны явцад тектон хавтангууд нэг нэгнийхээ доогуур орсноос болж тус аймшигт газар хөдлөлт болсон аж. Гэр бүлийнхнээсээ сураг тасарсан олон Гаитичууд дэлхий дахинд амьдарч байгаа бөгөөд бөмбөрцгийн хүн бүрийн илгээсэн 125 сая долларын хандивын ердөө 31 саяыг нь Гаити улсад зарцуулсан Улаан загалмайн нийгэмлэг одоо шалгалт хийлгүүлж байгаа ажээ.

 

Хятад дахь огцом хүйтрэл

2008 онд Хятадад цаг агаар огцом хүйтэрсэн билээ. Бүр Такламакан цөлийг түүхэндээ анх удаа цасан бүрхүүл нөмөрсөн юм. -32 хэмийн хүйтэн ихэнх иргэдэд тэсвэрлэхэд бэрх байсны зэрэгцээ барилгууд нь ч ийм хүйтэнд зориулагдаагүй тул намхан байшингуудын дээвэр нурж, 862000 гаруй айл гэр сүйджээ. Агаарын урсгалаас болж цаг агаар огцом өөрчлөгдсөн бөгөөд үүнээс улбаалан Улаан загалмай нийгэмлэг 60 сая юань, дулаан хүрэм, эм тариа, хоол хүнс хүлээн авч Хятадад тусламжийн гараа сунгасан удаатай.

 

Австралийн түймэр

2009 оны 2-3 сарын хооронд Австралид нийт 400 орчим ой хээрийн түймэр гарч, 414 хүнийг шархдуулж, 173 хүний аминд хүрсэн юм. Түймрээс өмнө Тасманы тэнгисийн доорх агаарын өндөр даралтаас болж Австралид цельсийн 41 хэм хүртэл халсан тул их хэмжээний түймэр гарсан аж. Килмор хотын түймрийн ойр орчим дэндүү өтгөн утаатай байснаас болж, нисэх онгоцнууд галын талаар мэдээллийг дамжуулж чадахгүйд хүрч байсан гэнэ. Хотод “AusNet”-ийн эзэмшлийн хуучны цахилгаан дамжуулагч шугамнууд байснаас түймэр ингэтэл даамжирсан бөгөөд 2014 оны 12-р сард тус компани 494 австрали долларын нөхөн төлбөр төлж, хотыг сэргээн босгосон билээ.

 

Пакистаны цэргийн хүч

Пакистаны цэрэг болон энгийн иргэд 2012 оны 4-р сард 4 км уулын оройгоос унасан цасанд дарагджээ. Тус нуранги Гималайн нурууны “Siachen Glacier” гэгч газар тохиосон бөгөөд Энэтхэг Пакистан улсууд дээрх газрыг 1949-2003 оны хооронд булаацалдан тэмцэлдэж байсан юм. Цасны нурангийн үеэр өвлөөс ч хүйтэн байсан ба 4-р сарын 7-ны өглөөний 2 цагт Пакистаны цэргийн бааз мөстөж, 21 метрийн зузаан цасанд хоригдсон байна. Аврах ажиллагаанд нисдэг тэрэг, аврах нохой бүхий 150 орчим бие бүрэлдэхүүн оролцсон бөгөөд 12 цогцос олдож, 130 хүн ор сураггүй алга болсон ажээ.

 

Мъянмар дахь 10 тэрбумын хохирол

Энэтхэгийн далайн “Cyclone Nargis” гэгч хар шуурганаас болж 55000 хүн ор сураггүй болсон бөгөөд Мъянмар улс нийт 10 тэрбум ам долларын хохирол амссан байна. Шуурга 19 км-ийн диаметрийг хамарсан ба 128 км-цагийн хурдтай байсан юм. Эрх мэдэлтнүүд ямар нэг аймшиг болох гэж буйг урьдаас мэдсэн тул Бангладешийн тариачдыг будаагаа хурдан хурааж, загасчдыг Энэтхэгийн эрэг рүү загасчлахгүй байхыг урьдчилан сануулсан байна. Хамгийн сүүлд ийм том хэмжээний далайн шуурга 1970 онд тохиож байсан юм. Харин тус шуурганы үеэр Мъянмарын Лабута тосгоны барилга байшингийн 75% нь устаж, 1100 орчим сүм хийд газрын хөрснөөс арчигджээ. Гэвч Мъянмарын Жунта нэртэй улс төрийн нам гадаадаас туслах хүчин авахаас татгалзаж, цэргүүдээ тусламж болгон илгээсний зэрэгцээ “CNN” сурвалжлагчдыг дэлхий дахинд тус явдлын талаар цацахгүй байхыг шаардсан ажээ.

 

Хятадын өлсгөлөн

Хятадын коммунист намын барьдаг хатуу чанд бодлого, дээрээс нь цаг агаарын хор уршгаас болоод Хятадад 1959-1961 оны хооронд их ган гачиг болж, өлсгөлөнд автсан түүхтэй. Өлсгөлөнгөөс өмнө Хятадын эдийн засаг тун тааруу байсны зэрэгцээ газар тариаланг хатуу гараар барьж байсан юм. Мао Зэдунийн үеэс засгийн газар, газар тариаланг бүрэн хяналтандаа авсан байсан бөгөөд эсэргүүцсэн тариачдад цаазаар авах ял оноодог байжээ. Учир нь улс төрийн хувьд ган, төмөр үйлдвэрлэх нь газар тариалангаас илүү чухал байсан аж. Ингээд ган болж, 15 сая хүн тус өлсгөлөнгөөр нас барсан байна. Ян Жишэнь (Yang Jisheng) гэгч зохиолч “Annals of the Yellow Emperor” нэртэй сэтгүүлд тус өлсгөлөнгийн талаар бодит үнэнийг өгүүлсэн нийтлэл зураг хөрөгтэй нь илгээсэн ч, Хятадын засгийн газар дөрөв дэх засаглалаа хатуу чанд хянадаг тул зохиолч нийтлэлээ хэвлүүлж чадаагүй билээ.

 

Зөвлөлтийн засгийн газрын нууц

Европын гурав дахь үхлийн хар шуурга буюу “1984 оны ЗХУ-ын хар шуурга” Москва, Иванов, Ярослав хотуудын 400000 км газар нутгийг тойрог хэлбэрээр хамарсан юм. Шуургын хүчин чадал F5 буюу 5-р зэрэглэлийнх байсан ба 800 метрийн өргөнтэй шуурга бетон төмөр байшин барилгыг ядах юмгүй залгиж, 200 метрийн хол чулуудаж байжээ. Хар тэнгисийн чийгшил болон цельсийн 20 хэм хүртэл халсан халуунаас болж шуурга ЗХУ-ын республик байсан Украин улсыг шөнөдөө дамжин өнгөрч, Турк хүрсэн боловч азаар Турк улс үхлийн хар шуурганд өртөлгүй үлдэж чадсан юм. Гэвч Зөвлөлт Холбоот Улс тухайн үеийн хаалттай улс төрийн тогтолцооноосоо болоод шуурганы талаар олон улсад мэдэгдээгүй бөгөөд ЗХУ-д хамаатан садан нь амьдардаг дэлхийн өнцөг булан бүрт байгаа Оросуудаас сөрөг мэдээ бүрийг чандлан нууцалсан аж. Хэрэв ЗХУ нээлттэй байсан бол бусад улс орнууд шуургыг сайтар судалж, ирээдүйд болох хар шуурганд бэлтгэлтэй болох байсан билээ. Тус улсад F1, F2 зэрэглэлийн шуурга ихээхэн тохиодог боловч F5 шуурганд ЗХУ бэлтгэлгүй байсан нь тодорхой юм.

 

“H1N1” вирус

2009 онд “H1N1” вирус 17000 хүний амийг авч одсон билээ. Тус өвчний үеэр хүмүүст хатгаа өвчний шинж илэрч, яваандаа уушги нь улайж, томордог ажээ. Вирус анх Мехико хотоос Сан Диего, Хьюстон, Бронсвил зэрэг ойр орчмын хотууддаа тархсан бөгөөд хүмүүс халдвартай зүйлд хүрснээр өвчин тусч байсан ба цацагт хяруул, гахай, муур зэрэг амьтад хүртэл уг вирусыг тусч байсан юм. Улс орнууд вирусын хор хохирлоос чадах чинээгээрээ сэргийлж байсны дотор Их Британи улс 6 сараас дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж байсны зэрэгцээ Европын хэд хэдэн улсууд, АНУ болон Мексик рүү хөл хорио тогтоож байсан ба Ерөнхийлөгч Барак Обама хүртэл дэлхий дахинд вирусын аюулыг таниулахын тулд вакцинд хамрагдаж байсан удаатай ажээ.

 

Японы хэт халуун уур амьсгал

2010 онд Японы цаг уурын хүрээлэн Хирошима, Осака, Шикокү хотуудад цельсийн 36 хэм хүртэл халж байгааг тогтоосон байна. Энэ халуун Каназавад 43 өдөр, Ёонагод 40 өдөр, Нийгат мужуудад 38 өдрийн турш үргэлжилсэн ба 1718 хүн цус харваж нас барсан юм. Үүнээс гадна 52000 хүн цус харвасан ч, амьд гарч чадсан билээ. Жуулчдыг замын түгжрэл их байгаагаас болоод гэртээ харьцгаахыг уриалж байсан бөгөөд Ямато нүхэн гарцын Томей хурдны зам дээр 40 км урт замын түгжээ үүсч байжээ.

 

Торонтогийн царцалт

Канадын Торонто хот Онтарио нуурын хажууд оршдог тул өвөлдөө ихэд хүйтэрдгээрээ алдартай. Харин 2013 оны 12-р сард баасан гаригаас авахуулан 72 цагийн турш зогсолтгүй цас орж, ням гаригт зогссон ба залгуулан бороо орсноор бүх зүйл мөс болж, барьцалдан хөлдсөн билээ. Хурдны зам, машин, галт тэрэг зогсож, айлуудын хаалга хүртэл хөлдсөн байв. 500000 хүн цахилгааны эх үүсвэргүй болж, хөлдүү модны мөчир газар тас нясхийн унаж байжээ. Тус явдлаас болоод онцгой байдал зарласан бөгөөд хотын удирдлага ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байсан юм.

 

Колумбын эмгэнэл

Колумб улсын удирдлагад галт уулын судалгааны төв хэд хэдэн удаа анхааруулга хүргэсэн ч, Толима хотын 1.4 сая иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө байгаагүйн улмаас 1985 оны 9-р сард 22000 иргэн амиа алдахад хүрчээ. Галт уулын хайлмаг мөсөн уулыг хайлуулж 6 том голоор дамжин 50 км/цагийн хурдтайгаар хотод орж ирсэн байна. Тус эмгэнэлт явдлын оршуулгын үеэр “Галт уул 22000 хүнийг алаагүй, харин Колумбын засгийн газар алсан” гэсэн пайз харагдаж байсан ба дэлхий дахин тус явдалд Колумбын засгийн газрыг буруутгадаг аж. Тухайн үед Боготад партизаны дайн болж байсан ба партизанчууд шүүх танхим руу дайран орж, шүүгчдийг барьцаанд авсан байснаас засгийн газрын анхаарал сарниж орхисон ажээ. Гэхдээ сайн мэдээ гэвэл тус галт уулын дэлбэрэлтээс хойш засгийн газар тухайн бүс нутгийг онцгой анхааралдаа авч, ирээдүйд элдэв гамшиг осол тохиоход дээд зэргийн бэлтгэлтэй болсон гэнэ.

Хайфоны хар шуурга

Вьетнамын Хайфон болон Филиппинийг хамарсан далайн хар шуурга 1881 онд тохиосон юм. Хот далайн түвшнээс нэлээд дор оршдог байсан ба далайн давалгаа 1.8 метр хүртэл өндөр байсан аж. Тухайн үед цаг уурын судалгаа тэгтлээ өндөр хөгжөөгүй байсан тул шуурга хэр хүчтэй байсныг тогтоох боломжгүй байжээ. Шуурга Өмнөд Хятадын далайг дамжин Тонкины эргүүлгээр дайрсан ч, Хайнан арлуудыг тойрсон бөгөөд 300000 хүн шуурганд өртөж, түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй далайн шуурганд тооцогдох болсон юм. Будаан талбайд далайн ус цутган орж, давалгаа өндөр байснаас барилга байшин, мод ургамал газрын хөрснөөс арчигджээ. Хайфон хот дэндүү их хор хохирол амссаны улмаас эдийн засгийн хувьд дахин сэргэж чадаагүй билээ. Байгалийн давагдашгүй хүчний өмнө хүн төрөлхтний чадал, хүч дэндүү мөхөс. Монгол улсын хувьд далайн хар шуурганд өртөх боломж харьцангуй бага ч гэлээ, газар хөдлөлт, гал усны аюул бидэнтэй зэрэгцэн оршсоор байна. Бяцхан үрс маань өдий болтол байгалийн гамшиг гэж юу байдгийг биеэр туулаагүй нь азтай боловч, залгамж халаа болсон үедээ анхаарал болгоомжтой байхыг зааж сургахад илүүдэх зүйл огтхон ч үгүй билээ.