УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг та юу гэж харж байна вэ. Хэрвээ хуулийн төсөл батлагдвал УИХ-ын дарга Ерөнхий сайд шиг огцордог тогтворгүй байдал үүснэ гэж харах хэсэг бүлэг байна. Зарим нь батлах нь зүйтэй гэж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар АН-ын бүлэг ярилцаагүй байна. Бид нам дээрээ ярилцах ёстой. Үүний дараагаар албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Нэг хүн бие дааж байр сууриа илэрхийлэх боломжгүй. Учир нь  парламентын дархлаатай холбоотой асуудал. Хэн нэгэн УИХ-ын даргатай холбоотой асуудал биш. 1990 онд Үндсэн хуулийг боловсруулж баталсан хүмүүс бүх зүйлийг харж хийсэн байгаа шүү дээ. Ялангуяа Б.Чимид гуай Үндсэн хуулийн дархлааг их анхаардаг. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн улс орны бодлогыг тодорхойлдог, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг гурван гишүүний аль, аль нь дархлаатай байх ёстой. Ялангуяа парламентийн спикер, УИХ-ын дарга дархлаатай байх ёстой. Тэгэхгүй бол засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орох магадлалтай. Тиймээс би гишүүдийн олонхиор шийдээд явах нь зөв хувилбар гэж харахгүй байна. Энд АН-ын бүлэг, АН энэ асуудлаар яриагүй учир байр сууриа илэрхийлмээргүй байна.

-Энэ асуудлаар танай нам хэзээ ярих вэ. Д.Эрдэнэбат гишүүн өнөөдөр ярина гэж бүлгийн хурлын үеэр мэдэгдсэн?

-Ерөнхийдөө эрх барьж буй нам, бүлэг хуралдахгүй байна. Улс төрийн нөхцөл нөхцөл байдлыг харна. Тиймээс одоохондоо яарахгүй байна.

-Орд газруудыг төрийн мэдэлд аваад эхэллээа. Энэ хэр зүйтэй юм бэ?

 -АН өчигдөр үзэл баримтлалтын төслөө боловсруулж, Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Манай намын үзэл баримтлалын гол санаа нь барууны төвийн үзэл баримтлалтай байна. Тэр дундаа хувийн өмч зах зээлийн зарчмаар улс орны эдийн засаг хөгжих ёстой гэсэн байр суурьтай. Тиймээс бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Үүний том жишээ Венесуэль Улс. Үндсэн хуулийн заалтаар иргэддээ үр ашигтай, хүртээмжтэй оногдох ёстой ноогдлыг олгодог, өгдөг ийм байдлаар зохицуулалт хийх нь зүйтэй. Гэхдээ бүх юмыг хураабал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж уул уурхай ашигт малтмалыг зөв зохицуулж явна. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаад хандаж болохгүй.

-УИХ-ын чуулган хуралдалгүй сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэрвээ чуулган хуралдвал прокуророос таван гишүүнийг оруулж ирж магадгүй гэсэн мэдээлэл бий. Ер нь УИХ хуралдахгүй байгаа нь зарим нэг гишүүд хэрэг завших гээд байгаа юм шиг харагдаж байна. Та энд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Өнөөдөр хулгайг жижиг, том гэж хараад байна. Хулгай бол хулгай шүү дээ. Жижиг, томын ялгаа байхгүй. Энд тэрбум, тэрбумаар тэгш хувиарласан зохион байгуулалттай төрийн хэмжээний луйвар. Ийм зохион байгуулалттай гэмт хэргийг “Зээл шүү дээ. Эргээд төлчихнө. Юун сүртэй юм бэ” гэж яриад байна. Нэгэнт хуультай, шүүхтэй улс орон юм бол том, жижигдээ биш. Харин хийсэн үйлдлийг нь шалгаж тогтоож, гэм буруутайд нь шийтгэл ноогдуулахдаа учруулсан хохиролд таарсан шийтгэл ноогдуулах хэрэгтэй. Энд хариуцлага тооцох ёстой. АН хатуу байр суурьтай байгаа.

-Д.Дорлигжавыг баривчиллаа. Түүнийг намын гишүүнчлэлээс хасах уу?

-Д.Дорлигжав даргын хувьд манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрэмд зааснаар асуудлыг нь шийднэ. Заалтгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.

-Танай нам УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?

-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр шударга ёс яриад байгаа хүмүүс тэр тогтоолд гарын үсэг зурах байх гэж бодож байна.

Р.Хишигжаргал

www.24tsag.mn