Би түүнийг санаж байна. Дахиж уулзах эсэхээ мэдэхгүй ч түүний тухай бодохоор өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг. Би одоо 30 хүрч яваа жирийн л нэг эр хүн.

Анх 5 жилийн өмнө нэг компанид ажиллаад хэдэн сар болж байхад энэ явдал эхэлсэн юм. Манай компанид Монголын хамгийн сайхан нь биш ч сүүлд миний сэтгэлд үлдэхээр үзэсгэлэнтэй бүсгүй шинээр орж ирсэн юм. Өдөр хоног өнгөрөх тусам бид 2 бие биедээ аажмаар дасч сүүлдээ хааяа нэг уулздаг болсон. Уулзахаараа ганц 2 пиво ууна, хамтдаа хоолонд орно, ямар ч шалтгаангүй машинаар зугаалж, савлуур дээр тоглож сүүлд нь баяртай гээд гэрт нь хүргэж өгөөд буцдаг байлаа. Яг л жаахан хүүхдүүд шиг. Түүнтэй цуг байхад надад сайхан байдаг байсан.

Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байдаг болохоор хүсэл мөрөөдөл оршдог юм шигээ. Учир нь бид 2 өөр өөрсдийн гэр бүл үр хүүхэдтэй. Тийм ч учраас нууц амрагуудын хэмжээнд хүрч хил хязгаараасаа халихыг хүсээгүй. Энэ байдлаар 1, 2 сар болоод л бүх зүйл дууссан. Тэр цагаас хойш дахиж уулзсангүй уулзалдая ч гэж хичээсэнгүй. Цаг хугацааны аясаар хожимдож ирсэн дурлал аяндаа намжсан ч бүрэн арилна гэж юу байхав. Гэтэл хэдхэн сарын өмнө бид 2 Сөүл хотод ажлаар явахдаа санаандгүй байдлаар тааралдсан. Анх уулзаж байгаа мэт биенээсээ битүүхэн бишүүрхэж байсан ч уулзаад 1 2-хон цаг ярилцаж суухад хуучны тэр өдрүүдийн мэдрэмж сэргэж хүний сэтгэл гээч зүйл цаг хугацааны эмээр эдгээсэн өвчнийг сэдрээчихсэн мэт санагдсан. Олон жилийн өмнө тохиролцооны мэт дурлалцаж гэнэт уулзсан шигээ гэнэт 2 тийш болсон бид 2 бие биенээсээ биеэ барихыг хүсээгүй. Тэгээд л бид 2 унтчихсан. Түүнтэйгээ өнгөрөөсөн шөнийг энэ захиан дунд үгээр илэрхийлэхэд миний бичгийн чадвар дутах мэт санагдаж байна. Нууцлаг дурлалтайгаа өнгөрүүлсэн анхны шөнө ч, бид 2-н бас сүүлчийн шөнө. Нисэх мэт өнгөрсөн шөнийн дараа түүнийгээ эргэж ирэхгүйгээр хол аялалд явж байгаа дотны хүнээ вокзал дээр гаргаж өгч байгаа мэт уруул дээр нь үнсээд явуулсан даа.

Бид дахиж ингэж уулзахгүй гэдгээ мэднэ. Тиймдээ ч бие биедээ аз жаргал хүссэн сүүлийн мсж-үүдийг нисгээд хүнд хэлж үзээгүй үүрд баяртай гэдэг үгийг түүндээ хэлсэн. Уулзахыг хүсч байгаа хүндээ ийм үгийг сэтгэлээсээ хэлэх тохиолдол хүний амьдралд ховорхон л тохиодог байх. Одоо ч түүний талаар бодохоор өөрийн мэдэлгүй инээмсэглэж байгаагаа анзаардаг. Бидний хамт байсан шөнийг буудлын Солонгос ресепшинээс өөр хүн мэдэхгүй. Ер нь би хүний амьдралд гэр бүл гэдэг хамгийн том байр суурийг эзлэх ёстой гэж боддог. Миний эхнэр ч тийм л хүн. Тиймдээ ч би эхнэрээ сэтгэлээ барьж чадах хэмжээнд өөр залуутай унтчихвал уучилж чадна. Гол нь надад битгий мэдэгдээсэй.