Ерөнхийлөгч ЖДҮ-чдийн бүрэн эрхэд хориг тавих уу

Өнгөрсөн баасан гарагт парламент ЖДҮ-чин гишүүдээ авч үлдэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэрэг хийсэн хэд ч улайхгүй, ичихгүй тайлбар өгчихөөд буруугүй маягийн юм яриад суучих юм. Буруутай гээд байхад би буруугүй гээд мэлзээд суух чинь үнэндээ яаж ч болдоггүй зүйл бололтой. Ерөнхий прокурорын ч тэвчээр алдагдаж “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй. Энэ хүмүүс хуулиар "ингэж болохгүй, тэгж халдаж болохгүй" гээд олон бүрэн эрх байдаг” гэлээ. Гэсэн ч парламент ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж үлдлээ. 

ЖДҮ-чин гишүүд яагаад яллагдагчаар татагдах болсныг эргэн сануулъя. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь 2017 онд ЖДҮХ сангаас “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийг зээлсэн байдаг. Ингэхдээ сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Прокурор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд: “Хас говь транс” ХХК-ний нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлсэн. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Улмаар, ЖДҮХС-аас өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

Энэ дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: “Сафир стоун” компанид авч өгөхдөө өнгөрөгч оны зургадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг, мөн оны наймдугаар сарын 1-ны дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцна гэжээ.

Үүнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна. 

УИХ-ын гишүүн Г.Солтан: Г.Солтан гишүүний хувьд “Монгол шаазан” компанийнхаа нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлжээ. Түүний хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байсан, зээлийн материалын бүрдэлд дутуу, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг нь эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн байгаа юм.

Эрхэм гишүүд дээрх байдлаар хууль зөрчсөн байна. Гэтэл гишүүд нь хууль зөрчөөгүй гэж кноп дараад УИХ-ын дарга нь алх цохчихлоо. Иймээс одоо Ерөнхийлөгч ЖДҮ-чдийг шалгах асуудлыг эргэн харах боломжийг УИХ-д дахин олгох хэрэгтэй. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэр хориг тавьдаг. Нэгэнт үхэн хатах зууралдсан ширээнээсээ гишүүд өөрийн дураар буухгүй. Тэд бүрэн эрхээсээ татгалзах хэмжээний ёс суртахуунтай хүмүүс биш. Иймээс Ерөнхийлөгч та, ЖДҮ-чдэд хууль зөрчсөн гэдгийг дахин сануулж, тэдний бүрэн эрхийг хэвээр нь үлдээсэн парламентад асуудлыг эргэн харах боломжийг олгооч.  

П.ГОО 

Оллоо.мн