НИТХ өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгохоор санал хураалт явуулсан ч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын санал 21:21 харьцаатай тэнцэж, нэг санал дээр гурвалжин тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцон дахин санал хураахаар болсон билээ.

Ийнхүү дахин хураалт явуулахад С.Мөнхчулуун НИТХ-ын 43 төлөөлөгчдийн 24-ынх нь буюу олонхийн санал авч  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо. Харин түүнтэй өрсөлдсөн С.Амарсайхан НИТХ-ын 16 төлөөлөгчийн санал авчээ.

Тэгвэл С.Мөнхчулуун гэж хэн бэ? гэсэн асуултанд хариулт эрцгээе.

 

С.Мөнхчулуун нь  2004 онд ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг, 2013 онд  2013 Удирдлагын академийг тус тус төгссөн.

2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн юм.

2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байна.

Түүний дүү С.Бямбацогт 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд  сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдаж, олны хэл аманд өртөж байсан юм.

С.Мөнхчулуун нь Нийслэлийн засаг дарга асан Су.Батболдын багийн хүн гэгддэг.