Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажилладаг байсан “Ирвэс хамгаалах нийгэмлэг”-ийн судлаач залуу Улаанбаатар хот дахь гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд зургаа хоногийн дараа Хөвсгөл нууранд орж амиа алдсан байдалтай олдсон хэрэг энэ сарын 11-нд гарсан. Талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь нас бархааасаа өмнө гурван ч удаа халдлагад өртөж, хэд хэдэн удаа хутгалуулж, зодуулж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн байгаа.

Талийгаачийн ар гэрийнхэн болон ажлын хамт олон нь түүнийг гадны нөлөөтэй нас барсан бөгөөд, Өмнөговь аймгийн Тосон бумбын нуруунд лицензтэй компаниудын дарамтаас болж, бусдын гарт амиа алдсан хэмээн сэжиглэж байгаа юм байна. Учир нь Тосон бумбын ууланд байдаг ховор ан амьтан болон ирвэс хамгаалах, судлах ажлыг тэрбээр хийдэг байсан аж. Ингээд судлаачийн ажлыг хийж, Тосон бумбын нурууг ямар учраас төрийн хамгаалалтад авах шаардлагатай талаарх судалгаа мэдээллийг гаргаж өгдөг гол хүн нь талийгаач байжээ.

Харин дээрх газарт байгаа лицензийг цуцлуулах талаар Ирвэс хамгаалах нийгэмлэгийн удирдлагууд болон Гурван тэс сумын удирдлага, малчид, нутгийн иргэд идэвхтэй хөөцөлдөж, хэл ам хийж, лиценз цуцлуулахын төлөө удаа дараа шүүхээр явж байсан юм байна. Ингэсний хүчинд тэд 22 лицензийг 18 болгож чадсан аж. Тосон бумбын нурууг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Гурван тэс сумын удирдлагуудын шийдвэрээр хамгаалалтад авчихаад, одоогоор ашиглалт явуулах лицензтэй компаниудыг оруулахгүй байгаа юм байна. Харин Төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулахаар 2012 оноос хойш тасралтгүй хөөцөлдсөн боловч уг асуудал УИХ, Засгийн газарт ирээд л шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ. Өнгөрсөн 10 сард гэхэд л нутгийн иргэд болон сумын удирдлагууд өргөдөл гомдлоо шийдүүлэхээр Улаанбаатар хотод ирээд, Өргөдлийн байнгын хорооны даргатай уулзах гэсэн боловч, чуулгантай завгүй гэдэг шалтгаанаар биечлэн уулзаагүй байна. Харин өөрийгөө төлөөлүүлж, өөр хүнийг тэдэнтэй уулзуулжээ.

Уг нь байнгын хороонд нэг асуудалтай холбоотой 500 өргөдөл ирэхэд л УИХ-аас ажлын хэсэг гарч тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцах ёстой байдаг юм байна. Харин Тосон бумбын нуруутай холбоотой гомдол мянга гаруй ирсэн байгаа ч өнөөг хүртэл УИХ-аас тухайн газарт ажлын хэсэг очоогүй байна. Энэ үеэр нутгийн удирдлагууд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн төлөөлөгчид учирлаж, хэлэхэд Өмнөговь руу томилолт байхгүй учир очиж чадахгүй байна гэжээ.

Энэ талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн “Гурван тэс” сумын Засаг дарга Г.Гангамаагаас тодруулахад:

Тэрбээр “Бид байгаа мөнгөө шавхаад, цалингаа зээлээд, бензин хийгээд, удаа дараа хот орж, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудлыг хөөцөлддөг. Тэгэхэд УИХ-ын гишүүн нь томилолт байхгүй гээд тоож ирэхгүй байна. Улсын төлөө ажиллаж байгаа юм бол сэтгэл гаргаад, ирэхэд бид ямар ч байсан хоосон хонуулахгүй. Угаасаа улстөрчид эдийн засагт хэрэгтэй гэдэг ганцхан шалтгаанаар хамаа замбараагүй лиценз олгочихдог. Гэтэл энд амьдарч байгаа малчид яаж амь зуух. Хэдэн малаа хэрхэн өсгөх. Олборлолт явагдсанаар ямар нөхцөл байдал үүсэх вэ. Улсад нэн ховордсон ан амьтан устаж үгүй болох зэрэг маш олон асуудлыг огт тоодоггүй, тоохыг ч хүсдэггүй нь үнэхээр гайхмаар байна. Тэд Тост, Тосон бумбын ууланд лиценз өгөх боломжтой юу. Төрийн тусгай хамгаалалтад авах ямар шаардлага байгаа гэдгийг сонсохыг ч хүсэхгүй байна. УИХ-ын гишүүд ганц удаа ч болов ирээд, манай сумын нөхцөл байдалтай танилцаасай гэж хүсч байна. Одоогоор бид энд олгогдсон лицензүүдийг цуцлуулах гэж хөөцөлдөөд, шүүхээр ороод явж байна. Өнөө маргаашгүй ажлаа эхлэхэд бэлэн болчихоод байгаа ашиглалтын лицензтэй нь “Саус гоби коэл транс” компани байна. Бид ямар ч байсан ашиглалт явуулахыг хориглоод одоогоор уг компанитай шүүхдэлцэж байгаа. Б.Чойжилсүрэнгийн компанийн авсан 37.221.42 га талбай нь манай нутгийн ойн сан, усан сан бүхий газар байгаа юм. Мөн есөн гайхамшиг, Хөвд булгийн застав хүртэл тэнд байрлаж байгаа.

-Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн үхлийн шалтгааныг Тосон бумбын нуруунд уул уурхайн лицензтэй компанитай холбон тайлбарлаж байгаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Талийгаач залуу өмнө нь халдлагад өртөж байсан. Тухайн үед манай сумын цагдаа нар хэргийг шалгаж, маш олон хүнийг байцаасан байдаг. Гэвч сэжигтэй этгээд олдоогүй. Хэргийн талаарх зүйлийг сумын цагдаагийн газрын ахлагчаас асуусан нь дээр байх. Түүний нас барах шалтгаан юу байсан эсэхийг би хэлж мэдэхгүй ч ямар ч байсан Тосон бумбын нуруунд замбараагүй олон лиценз өгсөн нь маш их сөрөг зүйлийг дагуулж байгаа. Цаашид ч мөн лицензтэй холбоотой асуудлууд гарахыг үгүйсгэх аргагүй байна.

Байгаль хамгаалагч залуу амиа алдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, олон нийтэд ил болсноор Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудал дарга нарын түвшинд яригдаж эхлээд байгаа билээ. Тиймдээ ч уг өргөдөл гомдлыг өчигдөр өргөдлийн байнгын хороогоор оруулж хэлэлцүүлэх байсан ч тус байнгын хорооны гишүүд ажилдаа ирээгүйн улмаас хэлэлцэж чадаагүй юм.

Энэ талаар О.Баасанхүү гишүүн өчигдөр тайлбар өгөхдөө:

“Өргөдлийн байнгын хороо 16 гишүүнтэй. Таван гишүүн ирээд, бусад нь ирсэнгүй.

Байгаль орчны сайд энэ асуудлыг 30-ны Засгийн газрын хуралдаанд оруулна гэж байна. Хэрэв энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулахгүй бол дараа, дараагийн шатанд шахалт үзүүлнэ. 21 лиценз дотор Их хурлын хэд, хэдэн гишүүний лиценз явж байгаа учир нөлөөлөл орчихоод байна” гэв.

 

Харин өргөдөл гомдлоо шийдүүлэхээр ирсэн иргэдийн төлөөлөл болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүүгээс нөхцөл байдлын талаар тодруулахад:

“2001 оноос хойш дөрвөн том компани манай нутагт үйл ажиллагаа явуулдаг. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Өнгөрсөн жилээс манай сумын иргэд 1000 гаруй хүний өргөдөл өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн. Одоо болтол шийдэж өгөхгүй юм. УИХ-ын гишүүд ажилдаа ирдэггүй юм байна.Тосон бумбын нуруу байгалийн үзэсгэлэнтэй, сайхан нутаг. Олон төрлийн ургамал ургадаг, ан амьтан ихтэй. Гэтэл дөрвөн багийн гуравт нь нүүрсний уурхай ажиллаад амьдрах нөхцөл үнэхээр хүнд боллоо. Үүнээс болж гол горхи ширгэж, ан амьтан дайжиж байна” гэлээ.

Тосон бумбын нуруунд одоогоор ажлаа эхлээгүй байгаа 18 лицензийн ихэнх нь хайгуулынх бол ганцхан ашиглалт явуулах зөвшөөрөл байгаа юм.

Тодруулбал МАН-аас Увс аймагт нэр дэвшиж, өнгөрсөн сонгуулиар мөнгөний асуудалд орооцолдон, дуулиантайгаар ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Саус гоби коэл транс” компани. Өнгөрсөн 2012 оны 05 сарын -18-нд Ашигт малтмалын газраас Тосон бумбын ууланд ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл авчээ. Ингээд тэднийх 2042 он хүртэл ашиглалт явуулах эрхтэй болсон байна.

Түүх сөхвөл тухайн үед Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрлийн эрх олгохын зэрэгцээ бусдаас авлига авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаад эхэлсэн үе. Энэ үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Батболд С.Баярын хүн гэх Батхуягийг өөрийн зөвлөхөөр ажилд аваад түүний оронд Ашигт малтмалын газрын даргаар мөн л өөрийн нам буюу МАН-ын хүн болох Г.Алтансүхийг томилсон байдаг юм. Ашигт малтмалын газар халаа сэлгээ ороод шинэ хүн томилогдоод хэдхэн хонож байхад ийнхүү Б.Чойжилсүрэн лиценз авсан байна. С.Батболд намын дүүгээ хууль зөрчин хийсэн ажлаас нь зугтаалгаж, хажуудаа татсан боловч хоёр шатны шүүхээр ороод Д.Батхуяг хамсаатнуудынхаа хамт гурваас зургаан жилийн ял аваад шоронд хоригдсон байдаг. Гэтэл ял эдлэх хугацаа дуусаагүй байтал өнгөрөгч наймдугаар сард түүнийг шоронгоос “сэмхэн” сулласан гэх мэдээлэл байгаа юм. За энэ ч яахав...

Тухайн үед МАН-ынхан засгийн эрхэнд байсан учир УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тосон бумбын нуруунд ашиглалт явуулах талбайг төвөггүйхэн авч чаджээ. Өөрөөр хэлбэл |яг одоогийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашиглалт явуулахаар зэхэж, техник тоног төхөөрөмжөө хүртэл бэлдчихээд, нутгийн удирдлагуудтай хэл ам хийж, шүүхдэлцэн олборлолтын төлөө улайрч байгаа компани нь Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшлийн “Саус гоби коэл транс” компани юм байна. Мөн тэнд хайгуулын зөвшөөрөлтэй МАН болон АН-ын нэр бүхий гурван гишүүний компани байна. Энэ талаарх мэдээллийг дараагийн дугаарт нийтлэх болно.

Н.Ганчимэг

Үргэлжлэл бий

 

Эх сурвалж: Cityinfo.mn